Туул гол хамгийн том задгай жорлон болох уу
2015-05-28

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын  ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Ус Сувгийн Удирдах Газар, Туул голын сав газрын захиргаа, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Орон нутгийн төлөөлөл буюу Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Заамар, Алтанбулаг сумдын иргэд оролцсон юм.

 

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг нар үг хэлсэн.  Оролцогчдын зүгээс хотын хүн амын өсөлт, үйлдвэрлэл, хотжих процесстой уялдан усны хэрэглээ жил бүр нэмэгдэж, хот суурин, үйлдвэр аж ахуйн газраас гарах бохир усны хэмжээ нэмэгдэж, бүрэн цэвэршүүлж, дахин ашиглаж чадахгүйн улмаас экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг онцолж, Туул гол болон түүний цутгал голуудыг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэх нь тулгамдсан асуудал болоод байгааг хэлж байв.

 

Хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх зүйн орчин” сэдвээр, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа “Туул голын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Туул голын экологийн доройтол, шалтгаан, шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавив. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэж, өөрсдийн байр сууриа илэрхийлж санал бодлоо солилцлоо.

 

Туул гол бохирдоход хэд, хэдэн шалтгаан нөлөөлж байгаа аж. Тухайлбал “Ургах наран” хорооллын бохирын ус Туул гол руу ордог, Туул голын орчимд элс хайрга олборлодог, Зайсангийн ам орчимд суурьшлын бүс бий болж, зөвшөөрөлгүйгээр орон сууц олноор барьсан, тэдгээр нь бохирын асуудлаа шийдээгүй зэрэг нь бохирдол үүсэхэд нөлөөлж байгааг оролцогчид хэллээ. Мөн 1964 онд баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн, бага хэмжээний засвар үйлчилгээ хийж аргацааж ирснээс бус дорвитой шинэчлэл хийж байгаагүй. Одоо бүр үйл ажиллагааг нь зогсоож байж засварлахаас өөр аргагүй асуудал үүсээд байна. Тиймээс цоо шинэ орчин үеийн цэвэрлэх байгууламжтай болоход 900 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаа холбогдох албаныхан хэлж байна.

 

Амьдрал руу чиглэсэн хөрөнгө гаргах хэрэгтэй байна

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Өнөөдөр бидэнд сэтгэл эмзэглүүлсэн маш олон шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаагийн нэг нь яах аргагүй Туул гол түүний менежментийн асуудал.

 

2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, 2014 онд Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг баталснаар Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хэмнэх, олон талын оролцоог хангасан менежментийг бүрдүүлэх, ус бохирдуулагч нь хаягдал усаа стандартын дагуу цэвэршүүлэх, дахин ашиглах эрх зүйн орчин бүрдэж, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх том алхам болсон.

 

Усны талаарх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо чухал байгаа. Амьдралыг тэтгэх чандмань эрдэнэ болсон усаа хайрлан, гамнахыг нийт ард түмэндээ хандан уриалж байна. Зам барина, утааг бууруулна, тийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг. Амьдрал руу чиглэсэн юм руугаа хөрөнгө гаргахгүй бол болохгүй байна. Засгийн газраас гаргасан судалгаагаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн дүн гарсан.

 

Аль нэг улсад санал тавиад гадны хөрөнгөөр шийдэхээс аргагүй. Тодорхой хувийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай. Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь хэнд ч тодорхой харагдана. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс  байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” гэв.

 

БОНХАЖЯ-наас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: “Аливаа улс орны тогтвортой хөгжлийн бодлогын нэгдүгээрт цэвэр усны асуудал тавигддаг. БОНХАЖЯ-наас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно. Төлбөргүй юм бүхэн ямар байдалд ордгийг бид харж байна. Дэлхийн усны VII форумаас дэлхий нийтээрээ өнөөдөр тогтвортой хөгжлийн нандин цөм бол усны нөөц гэдэгтэй санал нэгдэж усны сайн засаглалыг бүх түвшинд төлөвшүүлж, усны нөөцийг үр ашигтай ашиглахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн аливаа асуудалд байгальд ээлтэй технологи, бодлого нэвтрүүлэхийг чухалчилна гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн XX зуун бол “хар алтны” төлөөх зуун байсан бол XXI зуун “цэнхэр алтны” төлөөх зуун байгаасай гэж тунхаглан дэлхий нийтийг уриалсан.

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогыг XXI зууныг “цэнхэр алтны” төлөөх зуун байлгана гэж үзвэл энэ асуудлыг тогтвортой хөгжлийн бодлогынхоо цөмд нь тавьж, хүний эрхийн гол үндсэн асуудал болсон усны хэрэглээг зөв бий болгох, хангах шаардлагатай байна. Ус хамгаалалт, ашиглалт, тэр дундаа Туул голын асуудлаар яам, Засгийн газар, Улсын Их Хурлын хүрээнд сүүлийн жилүүдэд хангалттай ярьсан. Бид бүгдээрээ сайн ярьж чаддаг. Харин ямар асуудлыг яаж шийдэх вэ гэхээр ямар үр дагавар байгаа юм, ямар боломж бололцоо бидэнд байна, бид юуг хийж чаддаг юм, юуг хийж чаддаггүй юм бэ гэдэг асуудлаа дүгнэж, цэгнэж өнөөдөр хамтын хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргахаар ярилцаж, санал бодлоо солилцож  байгаа нь амжилт.

 

Энэ асуудлыг зөвхөн нэг яам, нэг хэсэг сэтгэлээ зориулдаг хүмүүс шийдэж чадахгүй гэдгийг олон жилийн яриа харуулж байгаа. Олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, олон судалгааны материалууд гарсан ч мөн л асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Үнэгүй, төлбөргүй юм бүхэн үгүйрч устаж байдаг. Ус бол чандмань эрдэнэ. Иймд маш их үнэтэй, үнэлгээтэй байх ёстой. Усыг хэрэглэсэн хүн бүр хэмнэдэг, гамнадаг байх ёстой, түүнийхээ төлөө татвар төлдөг байх ёстой гэсэн олон зарчмуудыг өнөөдөр хуулийн хүрээнд оногдсон тодорхой заалтуудыг өөрчилж, энэ асуудлыг ярих ёстой гэж үзэж байна.

 

Туул голыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж. Үүнийг шинэчлэх хөрөнгийг Засгийн газар, УИХ шийдвэрлэх ёстой. Бид баялагтай ард түмэн. Өвөг дээдсээс үлдээсэн энэ том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулаад, орж ирэх орлогын хамгийн эхний мөнгийг Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээсэй гэж хүсч байна. Сүүлийн 40 гаруй жил Туул татарч байгааг бид харж байна. Тиймээс Туулын эхэнд усан цогцолбор ярьж, усны нөөцөө бий болгох ёстой” гэв.

 

Улаанбаатар хүртэлх Туулын ус цэвэр тунгалаг

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг: “Мянга мянган жилийн хугацаанд өвөг дээдсийн маань шүтэн биширч, үр өгөөжийг нь хүртэж ирсэн Хатан Туул голын ач холбогдол өнөөдөр бүр ч илүү чухал, бүр ч илүү хүртээмжтэй болсоор байна. Учир нь Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрт урсдаг монголын нийт хүн амын талаас дээш хувь ямар нэгэн байдлаар Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой.

 

Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хамгийн бохирдолтой голын тавд Туул орсон. Туул гол одоо зургадугаар түвшний бохирдолттой байна. Туул голын эхээс Улаанбаатар хүртэлх урсаж байгаа уснаас уухад цэвэр тунгалаг. Харин Улаанбаатар хот дундуур урсах явцдаа бохирдож байна. Туул голын бохирдлын хамгийн гол шалтгаан нь Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус нийлүүлэгдэж байгаатай холбоотой. Туул голд хоног тутам 170 000-190 000 шоо метр бохир ус цутгаж байгаа. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй байна.

 

Тэр ч бүү хэл сүүлийн өдрүүдийн мэдээгээр ноцтой гэмтэл гарсны улмаас сая гаруй хүнтэй хотын хэрэглэсэн хэрэглээний усыг цэвэрлэхгүйгээр шууд Туул голд цутгах тухай албаны хүмүүсийн мэдээлэл гарах боллоо. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол Туул гол удахгүй дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирах эрсдэл бодитоор үүсэж байна. Энэ асуудлыг шийдэх гол асуудлын нэг нь үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих гарц юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Жижиг засваруудыг хийдэг ч тэр нь үр дүнгээ өгдөггүй.

 

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнө хөндөж байсан ч одоог хүртэл шийдвэрлэж чадаагүй нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Концессын гэрээгээр байгуулахаар болж, ажил эхлүүлсэн ч тендэр зарлагдах шатанд маргаан гарч тодорхойгүй хугацаагаар зогссон байгаа. Түүнчлэн Туул голтой холбоотой төр, хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бүхий, тогтмол уулздаг механизмыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд бий болгох зэрэг саналтай байна” гэв. 

 

Өсөж төрсөн нутгаа орхиод явалтай нь биш

 

Иргэн У.Мягмарсүрэн: Манайхан ундны усаа дор хаяж 4-5 км явж авдаг. Туулын бохирдлын хэмжээ шууд мэдэгддэг. Үнэр танар жигтэйхэн. урсаж ирдэг ус саарал булингартсан ирдэг. Мал уусан болоод л гараад явчихдаг. Малаа гаргаад гэдэс дотрыг нь бараг идэхээ байсан.

 

Туул голын эрэг дагуу Алтанбулаг сумын дөрвөн багийн айл, өрх амьдардаг. Тэд бүгд л энэ уснаас малаа усалж, зарим үед өөрсдөө ч ундлах тохиолдол бий.. Өөр яах ч билээ өсөж төрсөн нутгаа орхиод явалтай нь биш.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene batbold chin harhaas mongol tsarai bish baina hujaagiin tagnuul baina tiim bolool mongoliig horloj baihgui yu alaach ene muug. busad orond bol ali ert ogtsruulchihsan
2015-05-29
Зочин:
Бид бүгдээрээ буруутай. Одоо Люунхорол сайд,БАт Үүл дарга хоёроо дагаад их цэвэрлэгээнд гарцгаая. Харин үүний дараа Туул голыг жинхэнэ хамгаалалтад авья. Худлаа яриад бие бие рүү гээ чихээд суух цаг биш. Биологийн дайн гээд зарлахад буруудахгүй л байх. Хэн үүнийг эхлүүлсэнийг бүгд мэдэж байгаа, Тэднийг тэнгэр гэсгээх болтугай.
2015-05-29
Зочин:
улаанбаатарыг даруй нүүлгэ. Тэгвэл Энэ хөндий аяндаа өнгө засч ус нь цэвэршинэ. Яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Нүүдэлчин ахуй бол нутаг усаа амрааж нүүж бууж явдаг.
2015-05-29
Зочин:
Батүүл гэхээсээ илүү урд урдын хотын дарга нар ялангуяа М.Энхболд юу хийж ирсэн бэ гэдэг байна хотын газрыг их л зарж үрсэн гэдэг ганц цэвэрлэх станц мөн дулааны станц барьж чадахгүй өдий олон жил явна гэдэг үнэнхээр маш муу үүнийг байгаль орчны эсрэг цаашлаад хүн амьтны эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үзэж хариуцлагт татах хэрэгтэй аль 10-д жилийн өмнө л биогийн тийшээ явхад туул голоос үмхий үнэртээд л саарал ус урсдаг байсан
2015-05-29
Zotcin:
Bat uul. Ajlaa. Oligtoi hiigeesei shoudahaas uur um alga daa huurhii
2015-05-29
Зочин:
Хайран сайхан нутаг усыг минь цагаачид бузарлаж дуусгалаа
2015-05-28
zochin:
shaardlagagui buh zardliig hasaad hamgiin turgen shuurhai tceverleh baiguulamjaa bariachee.76 TENEG UHNA .hervee bohir chini halij tuulaas dooshhi gazar ergen sergehgui bohiriin uner hors ustanashdee. ene baidliig hamgiin deed hemjeend n oilguulaagui tceverleh baiguulamjiin darga ogtcor. hiij ymaa mederdeg tiim huneer dargaa tavih n zov...niislel n jorlon shig mongol udahgui bolohnldee..
2015-05-28
Зочин:
Gegeetei talaas ni xarval delxiin xamgiin tom zadgai 00 geed Guinness-iin nomond bichuulex um daa,
2015-05-28