Улаанбаатарын хүүхдүүдээ зөв хүмүүжүүлснээр хот хөгжинө
2015-05-29

Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалайтай ярилцлаа.

 

-Энэ жил Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн  ой тохиож байна. Ойн ажлыг угтаж нийслэлээс ямар ажил хийхээр  төлөвлөөд байна ?

Улаанбаатар хотыг 500 мянган хүн ажиллаж амьдрахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Ингэснээр хотод амьдарч буй хүүхдүүдийн нийгмийн дэд бүтэц буюу сургууль цэцэрлэгийн хомсдол үүссэн. Одоогоор ерөнхий боловсролын зарим сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэж байж, сурагчдаа бүрэн хамруулж чадаж байгаа боловч цэцэрлэгийн асуудал маш хүнд байна. Иймээс бид Хүүхдийн байгууллагын 90 жилийг ойг угтаж шоу хийх биш харин бодит тулгамдсан асуудал болох цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр  шинээр 12 цэцэрлэг нийслэлийн нутаг дэвсгэрт бариулахаар төсөвт тусгаж өглөө.

 

-Он гарсаар хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн тохиолдлууд гарсан. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нийслэлээс ямар бодлого гарган ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жил Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас өөр хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг газар байдаггүй байлаа. Энэ нь алслагдсан дүүрэг, хороодын хүүхдэд хүрч үйлчилж чаддаггүй байсан. Тус байгууллагын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгох үүднээс дүүрэг бүрт хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг байгуулсан. Ингэснээр амьдралын төвшин доогуур нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд хандсан үйл ажиллагааг хүртээмжтэй явуулах суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Үүгээрээ хүүхдийн эрхийг хамгаалах тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажил нэг алхам урагшилсан.

 

-Засгийн газраас “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Нийслэлээс хүүхдийн хөгжлийн талаар баримталж буй бодлого “Зөв монгол хүүхэд” хөтөлбөртэй хир уялдаа холбоотой байгаа вэ ?

-Салбар дугуйлангийн гол агуулга нь монгол ахуй, монгол соёлыг хүүхэд ахуй наснаас нь зааж сурган, ёс зүйн төлөвшил олгох юм. Энэ утгаараа Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн үндсэн агуулгатай нийлж байгаа юм.

 

-Нийслэлийн засаг даргын захирамжаар Монголын хүүхдийн ордны бүтцэд шинэчлэлт хийж салбар дугуйлан байгуулахаар болсон. Салбар дугуйлан байгуулах бодит хэрэгцээ шаардлага байсан уу ?

-Үндсэн хуульд төрөөс  18 нас хүртэлх хүүхдийг сурган хүмүүжүүлж,  боловсрол олгох үүрэг хүлээсэн байдаг. Хүүхдийг зөвхөн ерөнхий боловсролын сургуульд сургахаас  гадна  төрөлх авьяасыг нээн хөгжүүлж нийгмийн харилцаанд бэлтгэх  явдал нь хүүхэд бүрт байдаг бодит хэрэгцээ.  Өнөөдөр Улаанбаатар хотодэнэхүү хэрэгцээг Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн Урлан бүтээх төв  хангаж буй.

 

Эдгээр хүүхдийн байгууллагын  дугуйлан, сургалтад хамрагдаж буй сурагчдийн тоо 2014 оны байдлаар гурван мянга гаруй байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотод 200 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна.  Эдгээрээс тодорхой тооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна гэхэд үлдсэн хүүхдүүдийг  соёл урлагийн чиглэлээр сурган хүмүүжүүлэх  бодит эрэлт хэрэгцээ байгаа юм.

 

Ингээд үзэхэд Хүүхдийн Ордон, Урлан бүтээх төвүүдэд сурч буй хүүхдийн тоо нь дөнгөж хоёр хувь байгаа юм.  Харин дунд сургуульд сурч буй хүүхдүүдийн 98 хувь нь салбар дугуйланд хамрагдаж чаддаггүй.  Үүнээс нийслэлийн удирдлагууд нэг зүйлийг сайтар ойлгосон.  Хүүхдийн соёл урлагийн боловсролыг бид Хүүхдийн ордон, Урлан бүтээх төв гэж ойлгож болохгүй. Харин хүүхэд, сурагчийг хөгжүүлэх нэгдсэн сургалтын хөтөлбөр гэж ойлгосон.  Тэгэхээр тус хөтөлбөрөөр хүүхдийг сургаж чадвал заавал Хүүхдийн ордон гэлтгүй өөрийн амьдарч буй хороо, сурч буй сургуульдаа соёл урлагийн боловсрол, хүмүүжилд суралцах боломжтой. 

 

Үүний дагуу Нийслэлийн  8 байршилд Хүүхдийн ордны 30 салбар дугуйлан байгуулагдаж давхардсан тоогоор 3000 орчим хүүхэд хамрагдаж байна . Ингэснээр хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр нь илүү хүртээмжтэй, түргэн шуурхай болж чадлаа. Цаашид хотын удирдлагуудын  барьж буй бодлого бол урлагийн танхимтай ерөнхий боловсролын сургууль бүрт салбар дугуйлан байгуулж мэргэжлийн багш нар тодорхой хөтөлбөрийн дагуу сурагчийг хөгжүүлдэг болох зорилт тавиад байна.

 

-Салбар дугуйлангийн үйл ажиллагаа жигдэрсэн үү ?

-Нийслэлийн найман байршилд 30 салбар дугуйлангийн дийлэнх хувь нь  хотын захад, алслагдсан хороодод байршсанаараа  онцлогтой.  Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагаас хорооны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар барьсан хэдий ч ашиглахгүй байгаа объектуудыг засаж шинэчлэн салбар дугуйланг хичээллүүлж эхлээд байна. 

 

-Олон нийтийн дунд үнэгүй үйлчилгээ, сургалт чанаргүй гэсэн ойлголт байдаг. Магадгүй салбар дугуйлангуудад ийм асуудал гарах вий?

-Эхний ээлжид алслагдсан гэр хороололд амьжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд амьдарч буй хүүхдүүдийг хамруулъя гэсэн зорилт бий.  Гэхдээ энэ ажлыг томоор нь харвал 200 мянган хүүхдээс ядаж 20,30 мянган хүүхэд хамруулаад эхлэвэл тодорхой зардлыг суралцагчийн  төлбөрөөс бүрдүүлж болох байх. Мэдээж эхний ээлжид амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдийг хамруулж байгаа учраас төлбөрийн асуудал яригдахгүй. Одоогоор сургалт явуулж эхэлсэн 30 салбар дугуйлангийн материаллаг баазыг шийдчихсэн, багш ажилчдын цалин урсгал зардлыг нийслэлийн төсөвт суулгачихсан  учир  санхүү мөнгөний асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно.

 

-Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төлөө хүүхэд багачуудаа зөв хүн болгон төлөвшүүлэхэд бодлогын төвшинд ямар ажил хийх ёстой вэ?

-Хотын иргэдийн соёл, амьдралын төвшин, хүчин чармайлт нь өөрөө хотын хөгжил дэвшлийг хөдөлгөгч хүч болно гэдэгтэй санал нэг байна. Тухайн хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний ард хүмүүс бий. Өндөр хөгжилтэй хот гэдэг нэршлийн ард хүүхэд багачуудыг  зөв хүмүүжүүлж, төлөвшүүлж чаджээ гэсэн ойлголт дагалддаг. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын туршлагаас харахад хүнээ зөв хөгжүүлж, боловсролтой болгосноор  өндөр хөгжилтэй, соёлжсон  хот  болдог чиг хандлаг байна.

 

Иймээс Улаанбаатар хотоо хөгжүүлье гэж бодож байгаа бол энэ хотод амьдарч буй хүүхэд багачуудаа  зөв хүмүүжил, хандлагатай болгон хөгжүүлэх хэрэгтэй.  Ингэснээр ирээдүйн өрсөлдөх чадварыг нь  бага балчир наснаас нь бэлтгэж өгч байгаа юм.  Энэ ажлыг зөвхөн нийслэлээс бодлого төлөвлөж, санаачилснаар биелэхгүй. Харин эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын  цогц хамтын ажиллагаа хүчин чармайлтаар биеллээ олох юм. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин