Хотын хүүхдүүд өв уламжлалаа сэргээнэ
2015-05-29

"Гёте" сургуулийн сурагчид ноос савлааӨнөөдөр Чингисийн талбай дээр "Монгол гэр" төслийн хүрээнд нүүдлийн соёл иргэншил, монгол зан заншил, өв уламжлал, монгол гэрийг сурталчлах өдөрлөг боллоо.

 

 

Тодруулбал, Шэйпэрс нийгэмлэгийн залуус “Монгол гэр” төслийг санаачлаж, нийслэлийн 10 сургууль монгол гэр хандивлалаа.

 

 

Төслийн санаачлагчид “Даяаршлын давалгаанд залуу үе маань өв соёлоосоо хөндийрч, үнэт уламжлалаа мартах аюултай нүүр тулгараад байгаа билээ. Энэ үед бид ЕБС-ийн заавал үзэж, судлах хичээлийн хөтөлбөрт монгол гэрт холбогдох соёл, уламжлалт мэдлэг, зан үйл, гэр урлалын талаарх агуулгыг оруулж, хүүхдэд гэр барих буулгах дадал олгоход шаардлагатай загвар гэрүүдийг сургуулиудад хүлээлгэн өгч байна” гэсэн юм.

 

 

Эдгээр төслийн гэрийг “Техник технологийн дээд сургууль” урлан гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар 30 гэр урласан бөгөөд эхний ээлжинд 10 гэрийг сургуулиудад хүргэж байгаа юм байна.

 

Түүнчлэн, төслийн гэр гэгдээд байгаа дөрвөн ханатай “отрын” нэг гэр нэг сая 800 мянган төгрөгөөр боссон гэдгийг эх сурвалж онцолсон юм. 

Нийслэлийн 23-р сургуулийн сурагчид. Гэрийн хээ угалз зурж байна

 

Өдөрлөгийн үеэр нийслэлийн дунд сургуулийн сурагчид гэрийн  хээ угалз зурах, гэрийн сийлбэр хийх, эсгий хийх, ээрмэл ээрэх, гэрийн бүслүүр хошлон урлах зэрэг монгол өв уламжлалтай холбоотой сурсан зүйлээ олон нийтэд танилцууллаа.

 

Түүнчлэн тэд, гэрийн тахилга мялаага, гэрээр цаг хугацааг хэрхэн тодорхойлох, гэрийн бэлэгдэл, цээр ёсны тухай үзүүлбэр хийж үзүүлж байлаа.

 

Нийслэлийн 5-р сургуулийн сурагчид. Гэрийн тахилга, мялаалга

 

 

Мөн өдөрлөгийн нээлтийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр барьж, цугласан хүмүүсийн дунд Монгол гэр барих уралдаан болсон юм.

 

33-р сургуулийн 10а ангийн сурагч Э.Сэлэнгэ

 

Өдөрлөгт эсгий урлалаар оролцож буй 33-р сургуулийн 10а ангийн сурагч Э.Сэлэнгэ ““Эсгийн хийхэд маш сонирхолтой. Сурахад ч амархан санагдсан. Өв уламжлалаа авч үлдэж байгаадаа сэтгэгдэл их өндөр байна. Хонины ноосыг өмнө нь юунд ашигладаг юм бол гэж гайхдаг байсан. Харин одоо хононы ноосоор гар урлал, хувцас хийж болдог юм байна гэдгийг мэддэг болсон. Миний хувьд хөдөө явж үзээгүй. Энэ зун заавал хөдөө явж үзнэ гэсэн бодолтой байна” гэв.

 

 

Харин  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр “Улаанбаатар Шэйпэрс нийгэмлэгийн залууст баяр хүргье. Энэ нийгэмлэгт дандаа гадаадад сургуульд төгссөн 30 хүртэл насны залуучууд байна. Ихэнх хүмүүс гадаадад сургууль төгссөн хүмүүсийг Монгол ёс, заншлаа мэддэггүй, Монголоо алдсан гэж ярьдаг. Гэтэл үнэндээ тэд Монголоо илүү их хайрладаг болоод ирдэг юм болов уу гэж би боддог. Бид боловсролын салбарт чанарын шинэчлэл хийж, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ хүүхэд бүр зөв Монгол хүн болж төлөвших үйл явцыг чухалчилсан. Үүнд Монгол ёс заншлаа мэдэх, хадгалж, өвлүүлж үлдээх цөм багтаж байгаа. Намайг хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд очиход бүгд сургууль дотроо жижиг гэр барьчихсан байсан. Хүүхдүүд тэр гэрээ буулгаж, барих Монгол гэрийн талаар бүх л зүйлийг мэддэг болсон байсан. Тиймээс Улаанбаатар Шэйпэрс нийгэмлэгийн энэ ажлыг цаашид дэмжиж ажиллах болно.” гэдгийг онцолсон юм.

 

“Монгол гэр” төслийг Оюу толгой компани дэмжин ажиллаж, нийслэлийн 60 сургуульд Монгол гэр хандивлахаар болсоноо мөн энэ үеэр дуулгалаа.

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин