Нэг л өдөр тэсч үзээрэй
2015-05-30

Маргааш дэлхийн тамхигүй өдөр тохионо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) байгуулагдсны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлаж, дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ. Жил бүр тохиодог энэ өдөр холбогдох албаныхан ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцийн заалтуудыг сурталчлах, олон нийтийн мэдлэгийг сайжруулах, тамхины болон дам тамхидалтын хор уршгийг ойлгуулж, хүүхэд залууст тамхинд орохгүй байх зан үйлийг төлөвшүүлэх зорилготой ажлууд зохион байгуулж ирсэн байна.

 

ЭМСЯ-ыг НҮБ-ээс батламжилжээ

 

Энэ жилийн хувьд “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай улсын хувьд 2013 оны 3 сарын 1-ээс Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлсэн энэ өдрөөс эхлэн албан байр, олон нийтийн газар, баар, зоогийн газар, автобусны буудал, сургууль соёлын байгууллагаас 500 метрийн зайд тамхи татаж болохгүй гэдэг хууль үйлчилж буй.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ч.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Амарсанаа болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төлөөлөгчийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх үеэр хэлэхдээ “Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байна. Анх 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэнд спортын яаманд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байгаа гэж онцолж байсан. Тэгвэл тус байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яаманд тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Батламж хүргүүлсэн байна. Монгол Улс уг конвенцид нэгдэж орсноор хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох үүрэг хүлээдэг. Энэ үндсэн дээр 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулж, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий хуулийг Монгол Улсын Их Хурлаар баталсан. Хууль батлагдсанаас хойш хэрэгжилт нь сайн байгаа гэсэн үнэлгээ авсаар байгаа, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх хуулийн үндсэн зорилго сайн биелж байгаа” хэмээн онцолж байв.

 

Манай улсад 1993 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай анхны хууль батлагдсанаас хойш Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тамхинд ноогдуулах онцгой албан татварыг шат дараатай нэмсэн хэдий ч Монгол Улс дэлхийд тамхины хамгийн бага татвартай улс хэвээр л байна. Үүний зэрэгцээ тамхи үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид сүүлийн үед техник, технологи ашиглах, уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, кино од, алдартай тамирчдыг зар сурталчилгаандаа оролцуулж тамхийг сурталчилж байна. Энэ нь хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлж буй. Тиймээс үүнд хориг тавих нь чухал. Мөн ажлын байр болон олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор тамхины хэрэглээг нийт хүн амын дунд 4-10 хувиар бууруулах боломжтой ажээ.

 

Тамхи татагчдын 94 -96 хувь нь тамхинаас хараат байдалд ордог

 

Дэлхий дээрх 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг ба, нийт тамхи татагчдын дийлэнхийг боловсролгүй, бага орлоготой, ажилгүйчүүд эзэлдэг байна. Харин жилд 6 сая хүн тамхинаас болж нас барж байгаа аж. Жилд нийт тамхи татагчдын 40 хувь нь тамхинаас гарах оролдлого хийдгээс ердөө л 3 хувь нь тамхинаас гарж чаддаг байна. Яагаад гэвэл нийт тамхи татагчдын 5-8 хувь нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94 -96 хувь нь тамхинаас хараат байдалд орсонтой холбоотой гэнэ.

 

Тамхины хэрэглээ XX зуунд гэхэд л 100 сая хүний нас баралтын шалтгаан болсон байна. Харин одоо л амжиж арга хэмжээ авахгүй бол энэ зуунд нэг тэрбум хүн амь насаа алдах аюулд хүрч болзошгүй байгаа тул ДЭМБ ХХI зууныг тамхинаас татгалзсан зуун болгох уриалга гаргасан аж.

 

Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин, импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 1995 оноос хойш янжуур тамхины нийт хэрэглээ 16, нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ. 2009 онд хийсэн судалгааг 2005 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ бараг өөрчлөгдөөгүй ч эмэгтэйчүүдийн хэрэглээ нэмэгдсэн байна. Түүнчлэн “Залуучуудын тамхины хэрэглээний судалгаа”-аар ЕБС-ийн 13-15 насны эмэгтэй сурагчид насанд хүрсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин их татдаг нь нотлогджээ.

 

Тамхины хортой нөлөөлөл

Эмэгтэй хүнд- Тамхи татах нь түүний биед маш сөрөг үр дагавартай байдаг. Тамхи татдаг эмэгтэй эрт хөгширч эхлэх ба жил өнгөрөх тусам өнгө зүс нь доройтож, эршүүд маягтай болж ирдэг. Дуу хоолойд өөрчлөлт орж, шүд нь харлаж, арьсны уян хатан чанар алдагдаж, өнгө алдаж эхэлдэг. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй үр дагавар нь жирэмсэн байх хугацаанд нь тохиолддог байна. Ихэвчлэн жирэмсний эрт болон хожуу үеийн хурц хордлогод орох, дутуу төрөх үзэгдэл түлхүү ажиглагддаг ажээ.

 

Тамхины хор холбогдол нь ингээд зогсоно гэж байхгүй, тамхи татдаг эмэгтэйчүүдийн дунд хүүхэдгүй байх тохиолдол найм дахин их байдаг. Залуу охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй болж, бэлгийн хөрөлт ч эртнээс бий болж, дур ханамж авахгүй байх тохиолдол илэрдэг.

 

Нүдний хараа-Тамхи татдаг хүмүүсийн нүдний хараа эрс муудснаар өнгө ялгахгүй болж, өнгөний мэдрэмж буурч, хүүхэн хараа нь өргөсдөг. Тамхины утаа нь нүдний торлог эдийн хэвийн ажиллагаанд нэн шаардлагатай аминдэм, каротин, цайрын хэмжээг бууруулж байдаг. Мөн энэхүү хорлон сүйтгэх ажиллагаанд нүдний салст бүрхэвчийн өвчнөөс хамгаалж байдаг С аминдэм хүртэл өртдөг байна. Нүдний торлог бүрхүүлийг сүйтгэснээр заримдаа засч залруулашгүй үр дагаварт ч хүрч болзошгүй.

 

Уушиг-Хүний эрхтэн дотроос түүн шиг азгүй, зовлонтой нь бараг үгүй болов уу? Арга ч үгүй биз дээ. Нэг см куб тамхины утаанд 6000 нэгж хөө тортог байдаг. Хүн 30 жилийн турш өдөрт 26 тамхи татахад 10 тэрбум энэхүү нэгжийг сордог бөгөөд түүний тэн хагас нь хүний уушиг, мөгөөрсөн хоолойд үлдэж хоцордог. Идэвхтэйгээр тамхи татах явцад илэрдэг анхны шинж тэмдэг бол мэнгэртэй болох явдал байдаг.

 

Тамхичин хүн өглөө бүр зовлонтойгоор бөгшүүлэх, заримдаа зэгэл саарал цэртэй ханиалгах нь олонтаа. Тамхи татдаг хүмүүс эрүүл хүмүүсээс даруй зургаа дахин их уушигны өвчинд нэрвэгддэг. Бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгаадах нь ихэсдэг. Уушиг нь элдэв төрлийн сүрьеэ, хавдар зэрэг өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгож, эдгээр өвчинд нэрвэгдэх магадлал хэд дахин нэмэгддэг.

 

Хорт хавдар-Тамхинд дурлаж, улмаар түүний төлөөсөнд авдаг зүйл нь хавдар байдаг. Ихэвчлэн зовлонтой, удаан үхэлд хүргэдэг билээ. Олон жил тамхи татсанаас болж амны хөндий, хоол боловсруулах эрхтэн, ходоод, давсагны хорт хавдартай болох нь элбэг байдаг. Уушигны хавдар үүсгэгч нь тамхины утаанд байдаг төрөл бүрийн амт оруулагч нүүрстөрөгчийн бодисууд юм.

 

Амны хөндий –Тамхичин хүний ам нь эвгүй үнэртэй, шүд нь шарласан байдгийг хэн хүнгүй мэднэ. Өдөр бүр цэвэрлээд ч нэмэр байдаггүй. Тамхи сорох үед дулааны хэмийн асар их ялгаанаас болж шүдний паалан гэмтэж эхэлдэг. Шүдний завсар хуримтлагдсан тамхины бохь цааш үргэлжлүүлэн хорт бодис ялгаруулж, хүний биед тархаж эхэлдэг. Ингээд л хоолой, улаан хоолой, уушигны хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

 

Зүрх судасны тогтолцоо-Никотин, бусад хорт бодис нь судас нарийсгах, ялангуяа зүрх, тархины судсуудыг нарийсган даралт ихэсгэдэг. Зүрх гэнэтийн даралтыг тэсч чаддаггүй ба цохилт нь хурдасч, цаашлан судасны цохилт түргэсэж эхэлдэг. Зүрх тайван үедээ хоногт 7200 л цус шахаж, минутад 70 удаа агшиж байдаг бол тамхичин хүний зүрх хоногт 1000-1400 литрээр илүү шахаж, 15-20 хувь илүү агшиж байдаг. Үүнээс үзвэл хөөрхий зүрх ямар ч амралтгүйгээр илүү цагаар ажиллаж байдаг нь харагдаж байна. Олон оронд тамхи татагсдын тоо нэмэгдэхийн хэрээр зүрхний хурц дутагдалд орох явдал ч ихэсч байна.

 

Тамхи бол цагаан арьстануудын эсрэг хийж буй өшөө авалт

 

Тамхитай холбоотой зарим баримтуудаас хүргэж байна. Манай гаригийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн бол тамхи юм. Жилд дунджаар триллион гаруй тамхи зарагддаг бөгөөд тамхины зах зээл эрхлэгчид үүнээс 400 миллиард долларын ашиг олдог аж. Дэлхийн нийт тамхины зах зээлийн 70 хувийг Marlboro, Camel, Kent гэсэн брэндүүд эзэлдэг бол бусад төрлийн тамхинууд ердөө л 30 хувийг эзэлдэг байна.

 

Тамхины орцонд 3000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд зарим бодис нь хорт хавдар үүсгэгч бодис учир хорт хавдрын хэжээг томсгодог маш олон төрлийн химийн бодисууд байдаг байна. Жишээ нь: хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий гэх мэт. Дундад зууны үед тамхины эсрэг хатуу арга хэмжээ авдаг байжээ. Туркд тамхи татсан хүнийг цаазаар авдаг байсан бол Оросд банзаар балбадаг эсвэл хамар болон чихийг нь огтолдог байжээ. Харин Персэд хамарны нүхийг нь зүсэж, Англид хотоор гав гинжтэй явуулдаг байсан бол архаг тамхичдыг цаазаар авдаг байжээ.

 

Харин дэлхийн I болон II дайн нь тамхи татах зуршлыг өөгшүүлжээ. Тамхи нь хүний сэтгэлийн дарамтыг арилгадаг учир Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт дайны үед тамхийг стратегийн чухал бараа хэмээн мэдэгдэж байжээ. Адольф Гитлер Германы эрх мэдлийг авснаар тамхины эсрэг идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулжээ. Учир нь Гитлер тамхийг улаан арьстнууд цагаан арьстнуудын эсрэг хийж буй өшөө авалт хэмээн үздэг байжээ. Нэг хайрцаг тамхи нь насанд хүрсэн хүнийг үхэлд хүргэх тун агуулсан байдаг бол өсвөр насны хүүхдэд тал хайрцаг тамхи үхэлд хүргэх аюултай байдаг. 2-3 ширхгийг угсруулан татсанаас болж дотор эрхтнүүд ажиллахаа больж, амьсгал боогдон нас барсан тохиолдол гарч байжээ.

 

Тамхийг та сордог ч үнэндээ тамхи таныг залгидаг

 

Хүмүүс нүүрэнд нь үрчлээ суухад маш их эмзэглэж, гоо сайханд очиж залуу насаа эргүүлэн авахыг оролддог. Үсэнд нь цагаан сор суусан бол будгаар өнгийг нь хувиргаж орхидог. Энэ бол зөвхөн гадаад дүрийн л өөрчлөлт. Гэтэл хүн биеийнхээ дотор талд эд эрхтэн нь хэрхэн өөрчлөгдөж, өвчилсөн байгааг хэзээ ч олж харж чадахгүй.

 

Тиймдээ ч биеэ хайрлахгүй хорт муу зуршилд автаж, зуу зуун жил амьдрах юм шиг үл тоомсорлодог биз ээ. Тамхи гэдэг хорт зуршил. Зарим хүмүүс сэтгэлээ засах гэж тамхи татдаг гэнэ. Зарим нь өөрийгөө мундаг сүрхий хүн болж харагдуулах гэж тамхи татна. Харин огт зорилгогүй зүгээр л зуршил болсон хэрэглээтэй нэгэн ч таарна. Тамхи хортой гэдгийг бүгд л мэддэг. Гэвч тамхиа хаяж, түүний үл үзэгдэх цаламнаас өөрийгөө мулталж эрх чөлөөтэй болох зориг, зүрх итгэл, сэтгэл тамхи татагч хүмүүст дутагддаг. Нас гэдэг хорвоогийн жамаар урсан өнгөрч, эрүүл мэндийн асуудлаар аргагүй эрхэнд тамхинаас татгалзахаас өөр аргагүй болсныг эмч хэлэх өдөр ирдэг. Тэр л үед та тамхийг татах биш, амь амьдралаа соруулж байснаа ухаардаг юм билээ.

 

Тиймээс тамхи татагч хүмүүс минь өөртөө итгээд ДЭМБ-ын тамхинаас ганцхан өдөр татгалзах уриалгыг хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэв нэг л өдрийг тамхигүй өнгөрүүлж чадсан бол хойшид ч тамхигүй амьдрах боломжтой. Ердөө ганцхан л өдөр хайртай бүхнийхээ төлөө тэсээд үз.

 

П.Нарандэлгэр

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uneheer sain heregjij bgaa huuli
2015-05-30
ТАМХИ БОЛ ХОРТ ХАЛДВАРТ ӨВЧИН:
МАШ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙГАА ХУУЛЬ. . . . . . . . ДЭЛХИЙ ИНГЭЖ ҮНЭЛЖ БАЙГАА БОЛ НЭГ ЮМ ХЭЛЭЭД Л БАЙГАА ХЭРЭГ. . . . . . . МИНИЙ МЭДЭХИЙН ЭРГЭН ТОЙРОНД ОЛОН ТАНЬДАГ ХҮН ТАМХИНААС ГАРСАН, ТЭВЧЭЭРГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ТАТСААР БАЙГАА НЬ ГАРАХ ЭЛДЭВ АРГА ЗАМ ХАЙДАГ БОЛСОН, БАС ОРЧИН ҮЕИЙН ХҮҮХДҮҮД НЭМЖ ЭНЭ ТЭНЭГ ЗУРШИЛД АВТАХГҮЙ БОЛСОН ГЭХЭЭР ЭНЭ ӨВЧИН ИХ ХУРДАЦТАЙ БУУРЧ БАЙГАА Л ГЭСЭН ҮГ . . . . . ЕР НЬ ОДОО ТАМХИ ТАТАЖ БАЙГАА ХҮН ИЧДЭГ, ЭМЭЭДЭГ, УТААГАА ДАЛДЛАХЫГ ХИЧЭЭДЭГ, ТАМХИА ГАРТАА НУУДАГ, ХААНА Л ХОГИЙН САВ БАЙНА ТЭНД ХАРАГДДАГ БОЛСОН ГЭЭД ДЭВШИЛ ИХ БОЛСОН ШҮҮ ХЭ ХЭ
2015-05-30