Монгол Улсын нийтийн тээврийн салбарын үүсэл, хөгжил
2015-06-05

 

Тэртээ 1925 оны долдугаар сарын дундуур “Улсын тээх газар”-ыг байгуулж байсан нь Монголын анхны механикжсан нийтийн тээврийн эхлэл байлаа. Ингээд 1926 онд Ардын засгийн газрын 16 дугаар тогтоолоор “Ардын засгийн газраас Улаанбаатар-Амгаланбаатар хотын хооронд хүн зөөх явдлыг олны эрх болгон явуулж, улсын ашгийг алдахгүй болговол зохих”-ыг Ардын аж ахуйн яаманд даалгажээ. Үүний үр дүнд ачааны гурван машинд тусгай кузов хийж, Улаанбаатар-Амгаланбаатар хотын хооронд байнгын шугамын үйлчилгээтэй болгосноор Улаанбаатар хотын хүн амын тээврийн үйлчилгээнд механикжсан тээврийн эхлэл тавигдсан байна.

 

Үүний дараа 1929 онд БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр хоёр орны хувь нийлүүлсэн тээврийн байгууллага “Монгол транс”-ыг байгуулсан нь улсын тэээврийн хөгжилд анхны том алхам болсон юм.Ингээд 1940 он хүртэл Улаанбаатар хот ба хот хоорондын хүн тээврийн хэргийг “Монголтранс”-ын харъяа Хотын өртөө шуудан тээврийн хороонд байлгажээ. Дараа нь 1954 он хүртэл Ачаа тээврийн 1-дүгээр бааз, Шуудан тээврийн 5-дугаар баазад тус тус харъяалуулжээ. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1954 оны 3 дугаар сарын 13 ны 77 дугаар тогтоолоор БНМАУ-ын Тээврийн яамны шууд харъяанд нийслэлийн хөдөлмөрчдөд үйлчлэх биеэ даасан Автобус-такси моторын бааз байгуулжээ.

 

1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор манай оронд ЗХУ-аас ЗиС-155 маркийн автобус 10-ыг бэлэглэснийг баяр наадмын үеэр шугаманд гарган ажиллуулжээ. БНМАУ-д социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн ялсан 1950-иад оны эцэс, 1960 оны эхээр манай улсад орчин үеийн механикжсан тээврийн нэгдсэн систем бүрэлдэн тогтож социализмын материал техникийн баазын салшгүй хэсэг болон хөгжсөн юм. 1952-1954 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэс бүхий 20 жилийн хугацаатай анхны ерөнхий төлөлөгөө боловсруулан мөрдөж дараа нь 1961-1981 он хүртэл хоёр дах ерөнхий төлөвлөгөө гарч, Улаанбаатар хотыг 4 том район болгон хуваажээ. Орчин үеийн хотын 10 шаардлагыг тусгасан манай орны хүн амын 20 гаруй хувь Улаанбаатар хот тус улсын улс төр,нийгэм эдийн засаг соёл шинжлэх ухааны төв болж түүний олон улсын нэр хүнд асар нэмэгдсэн учир Автобус,такси моторын баазын үйлчлэх хүрээ тэлж 1959 онд Сайд нарын зөвлөлийн 332 дугаар тогтоолоор 1959 оны эхний хагас жилийн балансаар Автобус бааз, Такси бааз гэсэн биеэ даасан хоёр бааз болгожээ.

 

1970-аад оноос нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй техник хэрэгслийн аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэллээ. Тухайлбал БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1973 оны 151 дугаар тогтоолоор Автобус баазын техникийн албыг чадваржуулах,бүртгэл тооцооны ажлыг сайжруулах, засварт зогсох хугацааг богиносгох, засварын чанарыг дээшлүүлэх, ашиглалтгүй байгаа автобусыг засварлаж ашиглалтад оруулах, цаашид техникийн бэлэн байдлын коэффициентийг 0.80-аас доошгүй байлган, зорчигчдын хамгийн их урсгалтай үед техникийн талаас бэлэн байгаа бүх автобусыг шугаманд гаргах, шугаманд гарсан автобусны эвдрэлийг газар дэээр нь богино хугацаанд засч, үйлчилгээний саатлыг арилгаж байх техникийн түргэн тусламжаар үйлчилж байх, зэрэг ажлыг хийж эхэлсэн.

 

Ийнхүү хувьсгалын  өмнөх  үеийн харанхуй бүдүүлэг дорно дахины хамгийн хоцрогдсон хотод  хувьсгалын дараа бүр тодруулбал 1925 оноос механикжсан тээвэр хөгжсөн нь том ололт байлаа. Энэ хугацаанд нийтийн тээврийн салбарынхан  жил жилээр өсөн дээшилж, хөгжсөөр байсан юм. Энэ онд авто тээврийн салбар 90 жилийн ойтойгоо золгож байна.

 

Shuud.mn
Сонин хачин