Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших үү
2015-06-05

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа.

 

 

Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай хууль санаачлагч танилцуулав.

 

Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим  тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа аж.

 

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн. Мөн Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна.

 

Иймд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасны дагуу тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-06-06
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-06-06
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-06-06
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-06-06
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-06-06