Ахмад жүжигчин А.Цэгмэд “Марко Поло”-д уригдав
2015-06-08

Кино урлагийнхны салбарт нэгэн сайхан үйл явдал тохиосон нь Монголын үндэсний кино урлагийн академиас санаачлан зохион байгуулдаг "Академийн Дээд Шагнал" гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа байлаа.


Кино академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн номинацид нэр дэвшин “Хүдэн” кинонд бүтээсэн дүрээрээ ахмад жүжигчин А.Цэгмэд академийн шагнал хүртсэн юм.



Тэрбээр баярлаж догдлохдоо баярын нулимс унагасан ч “Зүүдэлнэ чинээ явсангүй гэж сайхан үг байдаг шүү дээ. Их баярлахаар нулимас гарах гээд байдаг юм байна. Гэхдээ энэ нулимас баярынх учраас залгих ёстой, сэтгэл догдлохоор хэлэх үгээ хүртэл мартдаг юм байна. Би хэзээ ч тайзан дээр байхдаа ингэж сандарч байгаагүй. 1965 онд урлаг гэдэг энэ агуу ертөнцөд хөл тавьснаас хойш 50 жилийн дараа ийм том шагнал авч байна.


Та бүхэндээ маш их баярлалаа. Намайг энэ тайзан дээр гарч иртэл нь татаж, чангааж, ил гаргасан энэ танхимд хуран цугласан залуу киночиддоо маш их баярлалаа. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ч олон туслах дүрийг бүтээж, та нартайгаа хамт байсан юм бэ дээ.



Хэзээ ч билээ уншиж байсан юм. Хамгийн сайн шавь багшийгаа мартдаг гэж... Гэхдээ би тэр үгийг эсрэгээрээ байдаг гэж боддог. Эдүгээ тэнгэрийн оронд заларсан ч урлагт намайг татаж оруулсан Э.Оюун багш, Д.Маамхүү багшийгаа дурсахгүй байж чадахгүй. Өнөөдөр энэ танхимд сууж байгаа залуус та нар ч гэсэн миний багш. Учир нь би та нараасаа маш ихийг сурч байгаа.



Ингээд би дараа жилийн кино наадамд олз омогтой ирнэ гэдгээ амлаж байна. Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгахад гуравхан хоногийн өмнө Холливудын “Марко Поло” кинонд тэнцсэн гэсэн мэдээ ирлээ.



Хэдхэн хоногийн дараа би та бүхнийгээ орхиод олон хоногоор тэр кинонд дэм болохоор явах нь ээ. Баярлалаа та бүхэндээ” хэмээн баярын нулимстай сэтгэлийн үгээ хуваалцсан юм.



Олон сайхан дүрийг бүтээж, үзэгч олны хайр хүндлэлийг хүлээгээд буй ахмад жүжигчин маань энэ сарын 20-доор Холливудыг зорих бөгөөд хагас жил хэртэй эх орондоо ирэхгүй гэнэ билээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ih saihan medee bna tand az jargal amjilt buteelig husey
2015-06-10