Шинэчлэл нэртэй шантааж
2015-06-09

УИХ, орон нутгийн сонгуулийн дараа парламент, аймаг, нийслэлд олонх болж ялалт байгуулсан улс төрийн хүчинд бялуу хуваах хэцүүхэн бас гоё ажил ногддог. Сонгуулийн үеэр хэн намаа ялалтад хүргэхэд сайн ажилласан, хэн их мөнгийг намдаа хандивласан, хэний фракц илүүрхсэн гээд л. Энэ бол аль ч намд байдаг байдаг бичигдээгүй дүрэм, басхүү мөрийн хөтөлбөр, амлалтаас илүүтэй хамгийн л сайн хэрэгждэг ч гэж болно. Удирдлагуудынхаа хуваарилсан бялуунд зарим нь баярласандаа гуаглах нь холгүй дэвж байхад зарим нь голж, харин албан тушаалгүй хоцорсон цөөнхийн цөөнх хэсэг нь нам дотроо фракц үүсгэн тэмцдэг. Ер нь бялуу хуваан гэдэг ялсан намын зовлон ч юм шиг.

 

2004 оны сонгуулийн дараахан МАХН /одоогийн МАН/ парламентад олон суудал авч ялалт байгуулсны дараахан албан тушаалгүй орхигдсон одоогийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар “Уламжлал шинэчлэл шударга ёс” жигүүр байгуулан намынхаа хуучинсаг арга барил дээр тоглолт хийн асуудал дэвшүүлж байлаа. Хэсэгхэн хугацааны дараа Ө.Энхтүвшин сайдаар, Р.Содхүү Хөрөнгийн биржийн даргаар гээд жигүүрийнхэн бараг толгой дараалан албан тушаалтай болж, зорилгоо биелүүлсэнээр үйл ажиллагаа нь намжсан юмдаг. Улс төрийн хүчин ч яахав, дотроо нам эвсч, сэм хуйвалдаад тохиролцоонд хүрчихдэг.  

 

Харин өнөөдөр төр, засгийн эрх барьж байгаа АН-д энэ асуудал үргэлжилсээр байна. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад эрх баригч хүчний зарим гишүүн “Ардчилсан намаа шинэчилье” гэх түр хороо байгуулжээ. Ирэх УИХ-ын сонгуулиар АН парламентад олонхи болох ч дашийн шог бололтой. Төрийг хэрхэн жолоодох хийгээд намын дотоод эв нэгдэл сонгогчдын саналаа өгөхөд нөлөөлдөг. АН-ыг одоо “Гэрээ зас” гээд төрийн эрх барих асуудлыг өөр намд шилжүүлчих эрх нь сонгогчдод байгаа. Жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад юун албан тушаал горилох вэ хэнэггүй, элдвийн шуналгүй бодолтой эгэл нэгэн байж болох. Гэвч улс төрд зүтгэж, шургаж байгаа нөхдөд намтрын түүхээ зузаалах хүсэл шуналд албан тушаал хашиж, ажлын үр дүнгээ үзэх хугацаа хамаардаггүй бололтой.

 

Харин сонгуульд эвсэл болж орсон улс төрийн хүчнүүд парламентын бүрэн эрхийн хугацааны 4 жилд оршин тогтнох эсэх нь мөн л албан тушаалын бялуу хуваарилалтаас шалтгаалдаг. Хэрвээ аль нэг улс төрийн хүчин бялуугаа голсон бол аль нэг намын дарга эвсэл задарсан талаарх мэдэгдэл хийх төдийд л нурдаг эмзэгхэн эд гэдгийг мөн л 2004 оны “Эх орон-ардчилал” эвсэл харуулсан.

 

Тээр жил Д.Эрдэнэбат даргатай “Эх орон” нам, С.Оюун даргатай ИЗН, М.Энхсайхан даргатай АН УИХ-ын сонгуульд “Эх орон-ардчилал” эвсэл болон оролцож байсан. Харамсалтай нь албан тушаалын бялуу хуваах хуваарилалт Эх орон намын дарга Д.Эрдэнэбатад таалагдаагүйгээс чуулганы танхимд ганц нүүр дүүрэхгүй гурав, дөрөвхөн өгүүлбэр бүхий мэдэгдэл хийснээр “Эх орон-ардчилал” эвсэл задарсан. Ийнхүү Эх орон нам, ИЗНН, АН-ын улс төрийн хамтын ажиллагаа парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа ороогүй байхад дуусгавар болж, тус тусын зам мөрийг хөөсөн билээ.  

 

Шинэчлэлийн Засгийн газрын үед эвтэй найртай байсан өнөөдрийн парламент дахь МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл шийдлийн засаг байгуулагдсанаар хойш тарах, задрах тухай явган яриа гарсаар өнөөг хүрч байна. Энэ нь өнөөх албан тушаалын хуваарилалттай холбоотой. Шинэчлэлийн Засгийн газарт “Шударга ёс” эвслээс МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Шадар сайдын албыг хашиж байсан бол шийдлийн Засагт МҮАН-ын дарга М.Энхсайхан Монгол Улсын сайдын албыг хашиж байгаа.

 

Сайдын албан тушаалын хуваарилалт “Шударга ёс” эвсэл дэх зарим гишүүнд шог санагдсанаас тарах, задрах яриа гарсан. Гэхдээ тус эвсэл тарж задарвал Засгийн газраас гарах асуудал үүснэ. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шударга ёс” эвсэлд хамтрах зөвшилцөл хийснээс эвсэл дэх намд хандаагүй. Тиймээс  ч тус эвслийнхэн Засгаас гарах хоншоор дутсан нь өнөөдрийг хүртэл тэдний хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэхэд болно. 

 

Нөгөөтэйгүүр нам дахь фракц, бүлгийн гэнэтийн идэвхжил алсын хараа бус алсын шунал горьдлого тээж байдаг нь нэгэнтээ илэрхий. Ирэх сонгуулийн жилд намаасаа нэр дэвших битүүхэн хүсэл тээж яваа горилогчид улс төрийн хүчин бүрт л байгаа. Тэр дундаа өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтын дээгүүр бичигдэн парламентад дээрээс үсрэн орж ирсэн зарим нөхөр өнөө ч дээрх горилогчдын аазгайг хөдөлгөсөн хэвээр. Сонгуулийн жил ойртох тусам намаасаа нэр дэвших эрх авах, цаашлаад намын жагсаалтад бичигдвэл гэх мөрөөдөл тээж яваа гишүүд удирдлагуудаа хэрхэн шантаажлах, нийгэмд хэрхэн танигдах гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа биз. УИХ-ын сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаад хэдэн жил болж байна. Парламент дахь улс төрийн хүчнүүд дахин сонгогдох магадлалтай өөрт ашигтай хувилбар хайгаад басхүү өчнөөн жил ухаан зарж байгаа нь нууц биш. Хаврын чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс ирэх намын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг батлахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн төслийг тухайн сонгуулийн жилийн гарахаас өмнө батлах хуулийн заалттай.

 

Ирэх өдрүүдэд зөвхөн эрх баригч АН-д ч бус парламент дахь улс төрийн хүчнүүдэд намаа шинэчлэх фракц, бүлэглэл үүсч, мэдэгдэл, шаардлага тавиад эхлэхэд гайхах зүйлгүй. Парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд ч ичээнээсээ гарах цаг дөхөж байна. Дараа жилийн сонгууль даанч ойрхон байна даа.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин