Нинжа нар амиа алдаагүй гэв
2015-06-09

Говь-Алтай аймгийн Бигэр суманд эмх замбараагүй байдал үүсч, гар аргаар алт олборлогчдын дунд таарамжгүй байдал үүссний улмаас хүний амь нас эрсэдсэн гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ тухай Бигэр сумын Засаг даргын орлогч н.Лхасүрэнтэй холбогдож тодрууллаа.

 

-Танай суманд гар аргаар алт олборлож буй хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж мэдээлэгдэж байна. Тэд хэзээнээс ирсэн юм бэ?

-Манай сумын “Цагаан хуруу” гэдэг газар өнгөрөгч тавдугаар сарын 24-ний өдрөөс гар аргаар алт олборлогчид /нинжа/ цугласан. Тэгээд 26-ны өдрөөс хөөгөөд, 2-3 удаа хөөлөг хийсэн. Хамгийн сүүлд 350 машин, 200-аад мотоцикльтой гар аргаар алт олборлохоор ирсэн хүмүүсийг хөөсөн. Нэг машин 10 орчим хүнтэй байсан.

 

-Тэгээд хэзээ нээж, гар аргаар алт олборлогчдыг оруулсан юм бэ?

-Гэтэл тэр хөөлгийн дараа аймгийн ЗДТГ-ын үүдэнд жагсаж, алт олборлох газрыг нээхийг шаардсан юм билээ. Тэгээд Аймгийн Засаг даргаас зургаадугаар сарын 10-ныг хүртэл орохыг зөвшөөрсөн гэсэн. Тэгээд хамгаалалтад байсан 6 цагдаагийн албан хаагч, Сумын ЗДТГ-ын дөрвөн хүнийг буулга, хүмүүс орно гэсэн. Түүнээс хойш 700-800-аад машин, 500 орчим мотоцикль, 5000 орчим гар аргаар алт олборлогч ирсэн. Хүн ирээгүй аймаг гэж байхгүй. Тэнд байгаа автомашины дугаарыг харахад.

 

-Гар аргаар алт олборлогчдын дунд таарамжгүй байдал үүсч, 4-5 хүний амь нас эрсэдсэн. Нэг хүнийг нүхэнд булсан гэх мэдээлэл байна.

-Тийм эмх замбараагүй байдал үүсч, олон хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй. Хоёр хүн шороонд дарагдсан. Харамсалтай нь нэг залуу нас барсан байсан.

 

-“Цагаан хуруу” гэдэг газар сумын төвөөсөө хэдэн км-ын зайтай вэ. Маргааш хаах юм байна. Гар аргаар алт олборлогчид тарж байна уу?

-Сумын төвөөс 35 км-ын зайтай. Өчигдрөөс тарж байна. 1000-1500 хүн байна. Өнөөдрийн байдлаар. Холбогдох байгууллагуудтай хамтран маргаашнаас албадан тараах бэлтгэл ажлыг хийж байгаа.

 

-Алт олборлохоор ирсэн хүмүүсээс тээврийн хэрэгслээр нь ангилан 5000-30.000 төгрөгийн татвар хураасан гэсэн.

-Өмнө нь хөөлөг, эргүүл хийсэн зардлаа нөхөх зорилгоор манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тийм шийдвэр гаргасан. Гэвч эндээс очсон Тамгын газрын 10 гаруй хүн тэр олон мянган хүний дунд хүчгүйдсэн. Мөнгө хураасан юм байхгүй дээ.

 

Нэг хүн шороонд дарагдаж нас барсан

 

Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Бүрэнбаатартай холбогдлоо.

 

-Танай аймгийн Бигэр суманд гар аргаар алт олборлогчдын дунд таарамжгүй байдал үүсч, хүний амь нас хохирсон. Хүнийг нүхэнд булсан зэрэг мэдээлэл цацагдаж байна.  

-Харин тийм янз бүрийн мэдээллүүд яваад байна. Тийм гэмт хэрэг гарсан юм байхгүй. Гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж, нэг нь нас барсан. Хэргийн газрын үзлэг бүх юм хуулийн дагуу хийгдээд явсан.

 

-Энэ газрыг жил бүр нээдэг юм уу?

-Үгүй. Энэ хавраас эхэлсэн. 3-4 удаа албадан тараасан. Тэгээд сум орон нутагт нь хүлээлгээд өгдөг. Сумын төвөөсөө зайтай хээр газар болохоор хяналт алдагдаад байна.

 

Маргааш буцна

 

Сумын удирдлага болон албан эх сурвалж ийм мэдээлэл өгч байна. Харин тус газарт хувиараа алт олборлож буй эх сурвалж “Алтны гарц муу байна. Тиймээс гайгүй олдоцтой газар руугаа олноороо дайрч, эмх замбараагүй байдал үүсэх гээд байна. Гэхдээ албадан тараах учир маргааш буцна” гэж ярьж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юмыг нэрээр нь нэрлэж сур. Юун таарамжгүй байдал юэ? Зодоон л байна ш дээ
2015-06-09