Улаанбаатар
Эрүүл мэндийн сайд өрөө тоочив
2015-6-9

Энэ оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багц, эм эмнэлгийн хэрэгслийн төсөв өмнөх оноос буурч, эмнэлгүүдэд өр төлбөр үүсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсээд байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр салбар хариуцсан яамны зүгээс өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг Сангийн яамтай зөвшилцсөний үр дүнд төсвийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэснээ өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба хэвлэлийнхэнд дуулгалаа.

 

Тус яамны зүгээс энэхүү асуудлаар эмнэлэг, эмийн төрөлжсөн мэргэжлийн төвийг оролцуулан эмийн төсвийн хэтрэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, өрийн судалгааг эрүүл мэндийн байгууллагуудаас авахад нийтдээ 7.8 тэрбум төгрөгт хүрч, өрийг барагдуулаагүй тохиолдолд эмийн нийлүүлэлтийг зогсоохыг эм ханган нийлүүлэгч байгууллагууд мэдэгдсэнийг салбарын сайд нь хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

 

Үүнтэй холбогдуулан өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар салбарын 2015 оны төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр болон гуравдугаар улирлын төсөвт нэмэгдүүлэн оруулах замаар шийдвэрлэлээ.

 

Ийнхүү төсвийн хуваарьт өөрчлөлт орж, өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар цаашид хэмнэлтийн горимоор ажиллан хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй чанартай үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Мөн эдийн засаг хямралтай хүнд үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж байсан эм, эмнэлгийн байгууллагууддаа талархаж байгаагаа ч дамжуулан илэрхийлсэн юм.

 

Тухайлбал: Эрүүл мэндийн салбарын энэ оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн тооцооноос харвал Улаанбаатар хотод 7.867.050.2, Өвөрхангай аймагт 445.585.7, Баян-Өлгийд 106.200.3, Говьсүмбэр аймагт 184.566.8, Завхан аймагт 253.176.9, Хөвсгөл аймагт 565.500.3 гэх мэтчилэн өрийн тооцоо гарсан байна.

Shuud.mn
Сонин хачин