Улаанбурхан өвчний 16287 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
2015-06-16

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол өссөн дүнгээр 16287 бүртгэгдэж судалгаа хийгджээ. Үүнээс 723 лабораториор баталгаажсан, 2795 эмнэлзүйгээр оношлогдсон байна.

 

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын мэдээгээр нэмэлт дархлаажуулалтад 371971 хүүхэд хамрагдахаас 342884  хүүхэд хамрагдаж, хамралт 92,1 хувьтай байгаа аж. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн мэдээгээр хөнгөн-21, дунд-24, хүнд-1, давхардаж таригдсан  20 тохиолдол гарсанд тандалт судалгаа хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллажээ.  

 

“Вакцины зохистой менежмент”-ын үнэлгээний үнэлээч бэлтгэх сургалтанд найман аймаг, есөн дүүргээс мэргэжилтүүдийг ирүүлж сургалт зохион байгуулж байна. Үүний дараа тэдгээр аймаг, дүүрэгт үнэлгээ хийх юм. Вакцины зохистой менежментийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэээр ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх мэргэжилтэн ирж ажиллаж байгаа аж.

 

Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газарт 310 хүн тун, Налайх эмнэлгийн 25 ажилтанд улаанбурханы вакцин тарих арга хэмжээ авч байна.

 

Одоо ХӨСҮТ-д нийт 762 өвчтөн байгаагаас 493 нь улаанбурхан гэсэн оноштой эмчлэгдэж, 107 нь хүндэвтэр, 25 нь хүнд байна. Өнгөрч буй долоо хоногт 1381 хүн хүлээн авахад хандаж үзүүлснээс 209 нь хэвтэж, эмнэлгээс 166 өвчтөн эдгэрч гарсан байна. Энэ байдлаас үзвэл өмнөх долоо хоногуудтай харьцуулахад улаанбурханы улмаас хоногтоо эмнэлэгт хандаж үйлчлүүлэгсэд  300 орчмоор цөөрчээ. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн 100 гаруйгаар буурсан аж.

 

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин