“Гацуурт”-д хувь эзэмших үү, ногдол ашиг хүртэх үү
2015-06-16

 “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, олонх нь  хэлэлцэхийг дэмжив.  Уг хуулийн төслөөр гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Нөөц ашигласны төлбөр аваад явах нь зөв

 

-Энэ ордыг ашиглавал улс орныг орон нутагт, ард иргэдэд хөдөлмөрийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ярих нь зөв гэж бодож байна. Хүннүгийн булж бунхан байгаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авахаар болсон. Ноён уулаас 6-7 км зайд байгаа энэ ордыг ашиглах нь манай улсын эдийн засгийг сэргээж, валютын нөөцийг 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх юм байна гэж тооцсон. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц ердөө 1.5 тэрбум ам.доллар байгаа. Өнөөдрийн Монгол Улсын энэ нөөцөөс давсан хэмжээний нөөцийг эрдэнэсийн санд оруулах юм байна. Энэ  ордыг ашиглах 9 жилийн хугацаандаа улсын болон орон нутгийн төсөвт 850 тэрбум төгрөг оруулах юм байна. Өнөөдөр 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт үүнээс бага мөнгө байгаа. Бүтэн жилийн хөрөнгө оруулалтаас давах хэмжээний мөнгийг энэ ордоос Сэлэнгэ аймаг, сум улс нь аваад боловсрол, соёл спортын салбартаа дэмжлэг, туслалцаа болох боломж үүсч байна. Хэрвээ энэ ордыг ашиглавал орон нутгийн 500 монгол хүн ажилтай болох юм байна. Жилд дунджаар 100-150 сая ам.долларын цалинг энэ хүмүүс авах юм байна гэж тооцжээ. Тиймээ энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Харин ямар хэлбэрээр төр эзэмших вэ? Миний бодлоор 34 хувийг эзэмших шаардлагагүй. 34 хувь эзэмшинэ гэдэг нь үүнтэй тэнцсэн хэмжээний хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулах мөнгө байхгүй бол үүнтэй тэнцэх хэмжээний зээл авна гэсэн үг. Нөөц ашигласны тусгай төлбөр аваад явах шаардлагатай. Хүмүүс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах юм шиг яриад байх шиг байна.  Үүнээс 20 орчим төрлийн татвар төлөхөөр байгаа. Нийтдээ 451.6 сая ам.долларын татвар төлнө. Өнөөгийн 1900 гэдэг ханшаар тооцвол 850 тэрбум төгрөг. Энэ ордыг ашиглаад байгаль орчныг нөхөн сэргээнэ.  Тиймээс энэ төслийг дэмжиж байна.

 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Уул уурхайн ордоо үнэ цэнэтэй болгох хэрэгтэй

 

-Ноён уулын булшны эргэн тойрны асуудлыг УИХ-ын хэдэн гишүүн санаачлаад тусгай хамгаалалтад авахаар хуулийн төсөл өргөн барьсан. Бид түүхийн дурсгалыг хүндэтгэж хандах ёстой. Нөгөөтэйгүүр орон нутагт нэлээд олон нинжа байгаа. Нинжа нарыг бид ад үзээд хөөгөөд байхгүй. Энэ нь өөрөө нийгмийн үзэгдэл. Нинжа нартай бичил уурхайн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах ёстой. Бид өөрсдөө хөгжиж, гаднын хүмүүсээс давж сэтгэх хэрэгтэй. Гаднынхан бурхан ч биш, чөтгөр ч биш. Адилхан л ашиг хайж яваа хүмүүс. Уул уурхайн ордуудаа бид үнэ цэнэтэй болгох нь зөв. Мөнгө орж ирнэ гэдгээр хэмжиж болохгүй. Нутгийн иргэд, бичил уурхайнхан, орон нутгийнхантай хамтарч ажиллах хэрэгтэй.

 


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй

 

-Бид уул ус, соёлын өвөө хамгаалах нэг сэтгэлтэй байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь үнэн байдлаар нь бодож үзэх хэрэгтэй. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Өмнө нь шороон ордыг олборлоод байгаль орчныг нөхөн сэргээхгүй орхисон байна лээ. Сэндийлсэн газар нутагтай үлдэж болохгүй. Палентологийн хайгуулыг мэргэжлийн компани хийх байх.  Ерөнхийдөө төслийн хугацаанд татвар, төлбөр хураамжаар 266 сая ам.доллар орно. Энэ нь 530 тэрбум төгрөг болж байх шиг байна. 34 хувиа эзэмшээд явахаар 38 сая ам.долларын ногдол ашиг авах тооцоо байна. Үүний ордон нөөц ашигласны төлбөр авбал ойролцоогоор 12 хувийн цэвэр ашгаас авдаг татвартай тэнцэж, 66 сая ам.доллар болохоор  байна. 

 

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:  Төр  Сү.Батболдоос муу ухаантай байж болохгүй

 

-Та нар яагаад иргэдийг дорд үзэгдэг юм бэ? Иргэдтэй уулзахад 100 хувь эсрэг саналтай байна лээ. Ямар хүмүүс очиж судалгаа хийдэг юм. Эсэргүүцэж байгаа хүмүүс тусгай зорилготой байдаг гэдэг нь юу гэсэн үг вэ. Үүнийгээ тодорхой ойлгомжтой тайлбар. Иргэдийг гүтгэж, доромжилж болохгүй. Тэнд насаараа тоглож, тойрч өссөн, нутаг усаа гэх сэтгэлтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг худалдагдсан гэж хэлэх гээд байна уу. Ямар тусгай зорилго ард нь байгаа гэж хэлээд байна. Үүнийгээ тодорхой болго. Битүү хатуу үгээр хүнийг гүтгэж болохгүй. Бүх хуулиа гаднын компанид зориулж өөрчилдөг байж болохгүй. Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн. “Сентурагоулд”-д зориулсан өөрчлөлтүүд байна. Үүнд ямар ч гадны хөрөнгө оруулалт байх шаардлагагүй. “Сентурагоулд”-д чинь “Бороо гоулд”-аас ашгаа хийгээд явчихсан. Баяжуулах фабрикийг өмнө нь “Бороо гоулд”-д зориулж байгуулсан. Үр ашгаа авсан фабрик. Үүнийг дахиж нэмэлт хөрөнгө оруулалтаар тооцож байгаа гэсэн.

 

 

Өнөөдрийг болтол үйл олон ордыг ашигласан. Эдийн засгийн үр өгөөж нь ганц нэг хүнд очсон, Монголын ард түмэнд очоогүй. Жишээлбэл, “Бороо гоулд”-аас 12 тонн алтыг Сүхбаатарын Батболд зүгээр л ачаад явсан. Төр Сүхбаатарын Батболдоос муу ухаантай байж болохгүй. Яаж ашигтай ажиллахыг Сү.Батболдоос асуу. Бид 34 хувиа эзэмшээд, түүнд оногдох 60-70 тонн алтаа авъя. Энэ бол хамгийн ойлгомжтой хувилбар.

Дээр нь цэвдгийн судалгаагаа хийлгэх хэрэгтэй. Хэдэн зуун мянган төрлийн эмийн ургамал байдаг гэж хүмүүс хэлж байна. Энэ бол Монголын төрд шууд ашигтай хувилбар биш. Бид хувиа үнэгүй эзэмшээд, оногдож байгаа баялгаа ашиглах хэрэгтэй.  Баялаг өөрөө ард түмнээр дамжаад төр мэдэлтэй байх юм. Тиймээс энэ төслийг буцаагаад дахин оруулж ирэх хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: МАНАН ард түмний үгийг сонсохгүй байна

 

-Гацууртын ордыг стратегийн ордыг ашиглах гэсэн санаархал байна. МАНАН-гийн Засгийн газар ард түмнийхээ үгийг сонсоно гэж хэлээд байсан хаана байна вэ? Энэ ордыг ашиглуулахгүй гээд нутгийн иргэд гарын үсэг бүхий өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн байна. Гацууртын ордоос 340 тэрбум төгрөгийн ашиг гарна. 70 тэрбум төгрөгийг нь Монголын төр нийт 10 жилд авах юм байна.  Жилд 7 тэрбум төгрөг авахын төлөө Хүннүгийн үеийн мөнх цэвдгийг хөндөж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 20 жил ам мэхээр хуурлаа,  одоо болно

 

-Хууль эрхзүйн орчин харилцан үр ашигтай биш байгаа тохиолдолд ашиглаад явах юм.Энэ төслөө буцаагаад татчих хэрэгтэй. Өнөөдөр гаргаж байгаа баялгийнхаа хэмжээг тооцоод үзэхээр эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж байгаа.  Гэтэл яагаад өр зээл нэмэгдээд байна вэ? Өнөөдрийнх шиг ярьж байгаад л бүх төсөл явсан. Эцсийн дүндээ шалгуур нь амьдрал сайжирсан уу гэдэг ойлголт. 20 жил ам мэхээр хуурлаа,  одоо болно. Мөнгө нь орж ирдэггүй учраас бид өр зээлэндээ баригддаг. Амьдрал сайжирсан зүйл алга. Тийм учраас дахин дахин гарз гаргаад байх хэрэггүй. “Тэмээн дээр ямааны гарз”.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Анхааруулга:
Та нарын хоорондоо хэрэлдэж байх хойгуур чинь НИНЖА нар НОЁН уулыг сэндийлээд дуусгалаа... Уул ус газар шороогоо хамгаалагч нар минь очиж байдалтай танилцаач..
2015-06-16