Арматурын хэрэглээний 25-30 хувийг хангаж байна
2015-06-16

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн "Уул уурхай, металлургийн цогцолбор" үйлдвэр байгуулах төслийн ажлын явцтай УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ танилцсан. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Сэлэнгийн бүсийн нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн хэтдээ ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан аж. Одоо тус үйлдвэр нь гангийн үйлдвэрлэл, уул уурхай, экспорт гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

 

Тус компанийн Нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэр нь Герман-Хятадын хамтарсан SANME, БНХАУ-ын ZENITH, АНУ-БНХАУ-ын хамтарсан ERIEZ MAGNETICS зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аж.  64 хувиас дээш төмрийн агуулга бүхий металлургийн үйлдвэрийн шаардлага хангасан баяжмалыг жилд 700 000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Мөн төмрийн хүдрийн Төмөртэй, Төмөртолгойн уурхайнууд дээрх хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийн нийт суурилагдсан хүчин чадал жилийн 5 000 000 тоннд хүрчээ. Хуурай соронзон баяжуулалтаар 56 хувиас дээш төмрийн агуулга бүхий бүхэл болон нунтаг баяжмалыг үйлдвэрлэдэг байна.

 

Гангийн үйлдвэр нь эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хаягдал төмрийг стандартын дагуу зүсч жижиглэн боловсруулж цахилгаан нуман зуухны түүхий эд болгон ашиглаад, стандартын дагуу бэлтгэгдсэн хаягдал төмрийг цахилгаан нуман зууханд хайлуулж 115х115мм хөндлөн огтлолтой ган бэлдэц үйлдвэрлэдэг аж.

 

Цувимал үйлдвэрлэл нь стандартын шаардлага хангасан ган бэлдэцийг дахин халаах зууханд халааж, цувих суурь машинаар дамжуулан цувиж барилгын төмөр бетон бүтээцийн иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал М.Баттөгс хэлэхдээ “Манай үйлдвэр 100 мянган тоннын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ 100 мянган тонноороо хийж байгаагүй. Анхнаасаа энэ үйлдвэрийг барихдаа Дархан Сэлэнгийн төмрийн хүдрийн уурхайг түшиглэж байгуулсан. Энэ төлөвлөгөө маань 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд манай үйлдвэр гурван уурхайн лицензийн эзэмших болсон. Дарханы бүсэд байгаа “Төмөртолгойн орд” жилдээ 25 сая тонн хүдрийн нөөцтэй. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг “Төмөртэйн орд” жилдээ 225 сая хүдрийн нөөцтэй, Ерөө суманд байдаг “Хустайн уул” ордуудыг эзэмшиж олборлолт явуулж эхэлсэн.

 

Энэ хугацаанд төлөвлөгөө ёсоор ажлаа хийж байна. Хуурай аргаар баяжмалаа гаргаж байна. Дараагийн шатанд нойтон баяжуулах үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өөр нэг том үйлдвэр нь Ангижруулсан төмрийн үйлдвэр барих ёстой. Уг үйлдвэр монголынхоо хөрснөөс гарч байгаа төмрийн хүдрийн нөөцөөс түүхий эдээ гаргаж, нийт бүтээгдэхүүний 80-90 хувийг үйлдвэрлэх бололцоотой. Ингэснээр бид жилдээ 300-500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно” гэв.

 

Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Арматурыг 10 гаруй төрлөөр хийж байна. Дээр нь Эрдэнэт үйлдвэрийн 40, 60 диаметртэй шааригний хэрэгцээг хангаж байгаа. Өнгөрсөн жил 20 мянган тонн бүтээгдэхүүн өгсөн. Энэ жил 22 мянган тонны бүтээгдэхүүн нийлүүлэх зорилт тавиад байна. Жилдээ 54-58 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

-Дотоодын нийт зах зээлийн хэдэн хувийг хангаж байна?

-Арматурын хэрэглээний 25-30 хувийг хангаж байна. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор олон төрлөөрөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай.

 

-Үйлдвэрээ барих хөрөнгө мөнгөө шийдсэн үү?

-Манайх өнгөрсөн жилийн 4 сараас концессын гэрээгээр “DMP” компанид шилжсэн. Энэ компани өөрөө бүх хөрөнгөө гаргаад үйлдвэрээ барих тул санхүүжилт шийдэгдсэн гэсэн үг. Харин бидэнд төмрийн хүдрийн зах зээл саад болж байна.

 

-Хаягдал төмрийн нөөц хэр байдаг вэ?

-Энэ чиглэлээр ажилладаг иргэд бидэнд таслахгүй авчирч өгдөг. Одоогоор нэг сар хагасын нөөц бидэнд байна. Иргэдээс худалдан авах ажил ч тасралтгүй үргэлжилдэг. Нэг тонн хаягдал төмрийг Дархан нөхцлөөр 250 мянга, Улаанбаатар нөхцлөөр 230 мянган төгрөгөөр  худалдан авч байна.

 

-Төр засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Ярьвал их юм бий. Гэхдээ бид концессийн гэрээ ёсоор өөрсдийн хийх ёстой ажлыг шийдвэрлэж яваа. Одоогоор бидэнд газрын асуудал яригдаж байна. Мөн тээвэрлэлтийн асуудал байна. Төмөр замаар экспортод гаргаж байгаа хүдрийн тээвэрлэлтийн асуудлууд байна. Энэ чиглэлээр бид харъяа яамдуудтай яриад явж байна. Нүүрсний асуудал байна. Улаан-Овоогоос нүүрс авдаг. Байгалийн тогтоц нь хэцүү учраас өвлөөс бусад улиралд нүүрс авахад хэцүү байдаг. Одоо Шарын голын ордоос нүүрс авч байна. Шарын голын нүүрс чулуулаг ихтэй байдаг. Гэхдээ энэ уурхайн саяхан угаах үйлдвэрээ ашиглалтад оруулсан тул бидэнд хараахан нийлүүлж амжаагүй байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин