Хэт даврагчийг хэрхэн бэлтгэдгээ харуулав
2015-06-22

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бага насны хөвгүүдийг хэрхэн хэт даврагч болгон бэлдэж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ойролцоогоор 80 орчим хөвгүүнийг олон улсад хэрхэн халдлага үйлдэх, галт зэвсэг хэрхэн ашиглах гэх мэт тусгай сургалтад хамруулжээ.

 

Эдгээр хөвгүүд өнгөрсөн оны долоодугаар сард Сири, Иракаас хулгайлагдсан, ихэнх нь 10-12 насных аж. Эзлэгдсэн Рамади хотын төвд байрлах спорт зааланд хөвгүүд тусгай зан үйл үйлдэж, ариун исламын шашинд үнэнч байхаа тангарласан байна.

 

Бичлэгийн төгсгөлд хөвгүүдийг хооронд нь зодолдуулсан аж. Ялагдал хүлээсэн нь шууд амиа алдаж байжээ. Тусгай сургалтыг ахалсан Жихади Эмир гэгч “Тэд олон сарыг хамтдаа өнгөрүүлсэн. Тэд найзууд, гэр бүл болсон. Харамсалтай нь бидэнд гэр бүл, найз нөхөд байх ёсгүй. Тийм учраас хооронд нь дайтуулж, өрөвдөх сэтгэлгүй болгохын тулд ялагдагч нь амиа алдсан юм” гэж хэлжээ.

 

Хэт даврагчдад барьцаалагдаад буй Их Британийн иргэн, сэтгүүлч Жон Канли Мосул хотноо хийсэн тэмдэглэлдээ ““Халифын вант улс” бүлэглэл бага насны хөвгүүдийг хэт даврагч болгон бэлддэг 10 гаруй сургууль идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин