Хүчит бөхчүүд бэлтгэлээ хаана базааж байна вэ?
2015-06-22

Хэний хүү одтой бяртай, хэний хүлэг хурдан шандастай, хэний тавьсан сум цэц мэргэн байхыг харах гэж наадамчин олон хуран цугладаг.

 

Наадам айсуй энэ өдрүүдэд хүчит бөхчүүд  хэдийнэ галдаа гарч бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлжээ.

 

 

 

 

Хантайшир бөхийн дэвжээ

 

Говь-Алтайн бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах «Мандал» амралтын зүг хүлгийн жолоо залсан юм.

Энд Говь-Алтай аймгийн «Хантайшир» дэвжээний бөхчүүд сүүлийн дөрвөн жил бууриа засаж, бэлтгэл хангаж буй билээ. Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д.Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Ду.Батбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан аймаг, цэргийн цолтой 30 гаруй бөхийг Улсын начин  Д.Бадрах дасгалжуулж байгаа аж. 

 

Ховд дэвжээний бөхчүүд

 

Ховд аймгийн Ховд дэвжээний бөхчүүд жил бүр Сүүж уулын аманд бэлтгэлээ базаадаг бол энэ жил хоёр хуваагдан гарч байна. Улсын заан Ц.Мягмарсүрэн Хилчин спорт хорооны дарга болсон учир Бугын САА-д Хилчиний бөхчүүдийг аван гарч, аймгийн арслан О.Хангай, аймгийн заан Б.Бадамгарав, аймгийн харцага Б.Анхжаргал, аймгийн начин Ц.Адъяа, Баян-Өлгийн Б.Баатарцол, Б.Төмөрбаатар нар багшийгаа дагаад Бугын САА-д гараад байна.

 

Улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтангэрэл, улсын начин Ц.Лхагвасүрэн, Н.Батзаяа, Ч.Цогбаяр, аймгийн начин Б.Отгонцоож, Ц.Заяатүшиг, Г.Хишигбат нарын бөхчүүд өнөөдрөөс Сүүж рүү гарч байгаа бол Эрдэнэтэд Ч.Бямбадорж зааны удирдлагад эртлэн гарсан улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Заяамандах, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Тайван, аймгийн харцага Ш.Мөнх-Од, аймгийн начин Г.Энхбилэг нарын бөхчүүд удахгүй Сүүжид ирж бусад бөхчүүдийнхээ хамт наадмынхаа бэлтгэлийг базаах ажээ. 

 

"Увс нуур" бөхийн гал

 

Увс “Увс нуур” бөхийн гал хэмээх ТББ 1998 онд анх байгуулагдсан. Бөхийн галуудын дотроос хамгийн анхны гал гэж хэлж болно. Байгуулагдаад 12 жил болж байна. Анхных нь гүйцэтгэх захирлаар дархан аварга Х.Баянмөнх, ТУЗ-ийн даргаар хуучин Сангийн яамны сайд байсан Э.Бямбажав гуай ажилладаг байв.  Өнгөрсөн баяр наадмаас өмнөхөн “Увс нуур” дэвжээ маань шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод галын тэргүүнээр Хууль зүйн сайд Д.Дорлигжав сонгогдон ажиллаж байна. 

 

“Увс нуур” бөхийн галын менежер буюу нарийн бичгийн даргаар  Улсын начин Д.Жанчивдорж ажиллаж байгаа. Дэвжээний гол зорилго гэвэл монгол үндэсний бөх болон бөхийн бусад төрлөөр барилдах авъяастай, удамтай, сонирхолтой хүүхдүүдийг шилж сонгон авч, бэлтгэх, бие бялдрыг хөгжүүлэх, дасгалжуулах, санхүүгийн байдлаар дэмжих туслах гээд олон талын үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.Увсийн хүчтэнгүүд бэлтгэлээ базаахаар Харзтайг зорьжээ.

 

Дундговийн бөхчүүд

 

Дундговиос нэг хэсэгтээ л улсын цолтон төрөөгүй завсарласан. Нутгийн олон хур харцагын овоог тахиснаас хойш бөхийн зүлэг ногоон дэвжээ үр өгөөжөө харамгүй хайрлах болсон гэдэг.Улсын харцага Л.Пүрэвжав, Улсын начин Л.Олзгэрэл нар Түшээт ханы Налайхын ойролцоох Шохой булаг хэмээх газар бэлтгэлд гаржээ.

 

Завхан дэвжээний гал

 

Зав­ханы бөхчүүд Сүүж уулын эн­гэрийг барааджээ. Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээний гал  энэ сарын эхээр Сүүж уулын аманд гарсан. Улсын гарьд Б.Гончигдамба ахалж хэсэг залуусын хамт гарч, араас нь бусад нь гараад байна. Энэ галд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр,  улсын начин Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, аймгийн арслан Д.Батжаргал, М.Баярсайхан, Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Т.Бэгзсүрэн нарын бөхчүүд багтаж байна.

 

Галын ахлагчаар улсын гарьд Б.Гончигдамба, багш дасгалжуулагчаар улсын начин Ж.Оргил, аймгийн арслан Ж.Сүхбат нар ажиллаж байгаа юм байна. 

 

 "Их монголын хүчтэн" дэвжээ

 

Өвөрхангай аймгийн "Их монголын хүчтэн" дэвжээний бөхчүүд  уламжлал ёсоор "Бугын сангийн аж ахуй"-д бэлтгэлээ базааж байна. Өнөө жил 70 гаруй бөх бэлтгэлд гарсан бөгөөд тэдгээрийн 40 гаруй нь сумын цолтой болон залуу бөхчүүд байна. Тус дэвжээг өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүн, аварга Д.Сумъяабазар удирдаж байна. 

 

 

 Дорноговь аймгийн Хутагтын хүчтэн дэвжээнийхэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдэнэ гэдэг газар энэ сарын 7-ноос наадмынхаа бэлтгэлийг базааж байна. Тус галыг улсын харцага А.Цацабшир ахалж аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан Г.Буянжаргал, аймгийн заан Б.Батзориг нарын бөхчүүд багтаж байна. Тэд өнөөдрөөс Сүүж уулын аманд бэлтгэлээ үргэлжлүүлэн базаах ажээ.

 

Архангай аймгийн бөхчүүд

 

Үеийн үед бөхөөрөө алдартай нутаг бол Арын сайхан Архангай аймаг. Архангай аймгийн бөхийн дэвжээний нэрийг  Бөхбилэгт гэдэг. Бөхбилэгт дэвжээ нь байгуулагдаад есөн жил болж байгаа. Энэ жил алдарт буур Жамъян аваргын зээ хүү Далай аварга Г.Өсөхбаяр Алдар спорт хороогоор овоглодог бөхчүүдээ ахалж гасан тул Улсын гарьд Д.Рагчаа,  Бөхбилэг дэвжээнийхээ бөхчүүдийг удирдан "Монгол номадс"-т бэлтгэл хийлгэж буй.

 

  

Сүхбаатар аймаг үндэсний бөхийн холбоо нутгаасаа төрөн гарч буй залуу бөхчүүдээ дэмжин Жавхлант бөхийн дэвжээг 2010 оны хоёрдугаар сарын 6-нд  нээсэн юм. Монгол Улсын харцага Ч.Өвгөнхүү, Ц.Магалжав нар галынхаа бөхчүүдийг ахлан бэлтгэл хийхээр гараад байна.

 

Таван-Хан бөхийн дэвжээ

 

Сэлэнгэ аймгийн "Таванхан"-ынхан энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гүннуурын эрэгт  гараад байна. Таванхан дэвжээг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалсан бол энэ галд аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Галбадрах, Б.Уугандава, аймгийн заан Э.Саранбаатар, Б.Одсүрэн, аймгийн начин Н.Энхжаргал, М.Жаргалсайхан, И.Отгонбаатар, Д.Төрболд нарын 40-өөд бөх гарчээ. МөнОХУ-н Буриад улсын үндэсний бөхийн аварга Балдан, Зоригт нар болон ӨМӨЗО-н Хөлөнбуйр аймгийн барга бөхийн аварга Хур нар урилгаар ирж хамтарсан бэлтгэл хийх юм байна.  Аймгийн заан Б.Эрдэнэбаяр, аймгийн начин Н.Баярбаатар нар Улсын аварга Г.Эрхэмбаяртай Төрхурахын аманд гараад байгаа юм байна.

 

Хөвсгөл аймгийн хүчтэн дэвжээ

 

Хөвсгөл аймгийн хүчтэн дэвжээний бөхчүүд мөн л буурь сэлгэж, хэд хэдэн газар бэлтгэлээ базааж буй. Улсын арслан Х.Мөнхбаатар Улсын начин М.Эрдэнэбат нараар ахлуулсан бөхчүүд “Сүүж”-д бэлтгэл хангаж буй бол Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Б.Баянмөнх нарын ахалсан бөхчүүд “Төрх хурх”-д үлдсэн нь Улсын начин Б.Бадралын удирдлагад нутагтаа бэлтгэл базааж байна.

 

 

Булган аймгийн Булганхангай дэвжээний бөхчүүдийг Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын начин Э.Энхбат нар удирдан Бугын САА-д бэлтгэлээ базаахаар гарчээ.

 

Булган аймгийн Булганхангай дэвжээ

 

Хэнтий аймгийн Хан Хэнтийн аварга дэвжээнийхэн Цэнхэрмандал сумын нутаг хэрлэн голын хөвөө Өндөр дэнж хэмээх газар тав дахь жилдээ наадмын бэлтгэл базааж буй. Тус галд Улсын харцага Э.Оюунболд, Аймгийн арслан Б.Хадбаатар С.Ариунбилэг Г.Ган-Цоож тэргүүтэй 30-аад бөхчүүдийг Улсын начин Д.Батбаяр, Б.Одхүү нар ахалж байгаа аж.

 

Улсын заан Б.Батмөнх тэргүүтэй Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхчүүд энэ сарын 15-нд Б.Бадам-Очироор ахлуулан, нутгийнхаа Дүнжингарав уулын аманд бэлтгэлд гарчээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
kkaashhs:
Omnogobiin uul uurkhain nachinguud yakh bol
2015-06-23
түиаүл:
дорнодынхон энэ жил барилдах болов уу,
2015-06-22
zochin:
uwriin saihan hangaihan bugiin sangiin aj ahuid garsan bn lee tsergiin shine arslan batzorig ongotei saihan bn lee
2015-06-22
zochin:
uwriin saihan hangaihan bugiin sangiin aj ahuid garsan bn lee tsergiin shine arslan batzorig ongotei saihan bn lee
2015-06-22