Хуулийн өөрчлөлтийг хүлээлгүйгээр бэлтгэлээ ханган ажиллаж байна
2015-06-23

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай сонгуулийн шинэ хуулийн төсөл болон байгууллагынх нь үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар  ярилцлаа.

 

-Та сонгуулийн байгууллагад шинэ хүн биш, энэ албанд томилогдоод хэдэн сар болчихлоо. Шинэ хүн биш гэдгийг нийслэлийн хэмжээнд олон удаа янз бүрийн шатны сонгууль удирдаж байсны тань хувьд хэлж байна л даа. Яг төв аппаратад ирээд ажиллахад ямар байна?

-УИХ-ын шийдвэрээр энэ албанд Морин жилийн  битүүний өдөр томилогдсон л доо. Би 2000, 2004, 2008 онд Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар, 2009 онд нутаг дэвсгэрийн хорооны даргаар ажилласан. Тийм болохоор Сонгуулийн ерөнхий хорооны ажлыг ч, хамт олныг нь ч тодорхой хэмжээнд мэдэх, таних  юм. СЕХ бол УИХ-аас томилогдсон 9 гишүүнтэй, Ажлын алба болон Мэдээллийн технологийн төвтэй, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг Үндсэн хуулиар баталгаажсан байгууллага юм. СЕХ-ны 9 гишүүний тавыг нь УИХ-аас, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын Дээд шүүхээс санал болгосноор Их хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ утгаараа жинхэнэ ардчиллын хэв шинжийг агуулсан байгууллага гэж үзэх бүрэн үндэстэй юм.

 

Өмнө нь нийслэлд сонгуулийн ажлыг тодорхой цаг үед удирдан зохион байгуулж байхдаа ч би өөрийгөө сонгуулийн байгууллагын ажилтан гэж ойлгодог байсан. Ийм учраас миний хувьд энэ байгууллагад ажиллахад ямарваа нэгэн хүндрэл огт алга байна.

 

-Сонгуулийн ерөнхий хороо гэж ямар байгууллага болох, хийж гүйцэтгэдэг ажлын талаар Та товч ойлголт өгнө үү.

-Сонгуулийн ерөнхий хороо нь 2006 онд батлагдсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу үүрэг хүлээж үйл ажиллагаагаа явуулдаг бие даасан, хараат бус байгууллага юм. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт дээр дурьдсан сонгуулиудыг зохион байгуулж явуулах үүрэгтэй. Сонгуулийн Ерөнхий Хороо  нь сонгуулийн ээлжит 4 жилийн хугацааны 2 жилд нь УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулах, үлдсэн 2 жилд нь дахин болон нөхөн сонгуулиудыг зохион байгуулж явуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хуулиар хүлээдэг.  

 

УИХ-аас сонгуулийн хууль шинээр батлагдсан тохиолдолд хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх чиглэлээр 40 гаруй дүрэм, журам, заавар, загвар маягтууд батлагдах ёстой. Энэ бүгдийг бид урьдчилсан байдлаар боловсруулж байна. Мөн манай Мэдээллийн технологийн төвөөс 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Үүнд нэр дэвшигчдийн мэдээллийг нэгтгэх, сонгуулийн хороодын мэдээллийг нэгтгэх, сонгуульд ажиллах албан хаагчдын мэдээллийг бэлтгэх, архивлах, саналын хуудасны мэдээллийг нэгтгэх зорилготой програмуудыг шинээр хийж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 80 хувьтай байна. Үүний зэрэгцээ 2012, 2013 оны сонгуулийн дүн мэдээг дамжуулсан байдалд анализ судалгаа хийж улам бүр шуурхай болгох боломжуудыг судлаж байна. Сонгуулийн санал авах, тоолох төхөөрөмжид жил бүр техникийн үзлэг оношлогоог хийж, програм хангамжийн болон техникийн хэвийн ажиллагааг шалгаж дүгнэлт гаргах, хадгалалт, хамгаалалтыг нь ч шаардлагатай нөхцөлд нь байлгах ажлыг графикийн дагуу хийж байна. Мөн сүлжээний аюулгүй байдал, хэвийн ажиллагаг хангах шаардлагын үүднээс дотоод сүлжээг оновчтой зохион байгуулах, сүлжээг тасралтгүй хэвийн ажиллагаатай байлгах, серверийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.

 

-СЕХ-ны гадаад харилцааны талаар ярих уу?

-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бол Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн, Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байгууллага юм. Манай байгууллага Дэлхийн болон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж ажилладаг. БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс, ХБНГУ-ын Холбооны сонгуулийн хороо, ОХУ-ын Сонгуулийн төв комисс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Мөн Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлд сонгогдсоны хувьд Энэтхэг, Мьянмар, Киргиз болон бусад улс орны Сонгуулийн байгууллагуудтай хамтран ажиллахаар санал солилцож байна.  

 

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу саяхан Монгол Улсын Шадар сайдтай уулзахдаа “Монголд бахархах зүйл олон. Ардчилал бол Монголын бахархал, тайван замаар ардчиллыг тогтоож чадсан. Сонгуулийг зохион байгуулж байгаа байдал нь бусад улс оронд үлгэр жишээ болохуйц туршлага харагддаг” гэсэн нь бидний ажилд өгч байгаа бас нэг үнэлгээ гэж ойлгож байна.

  

-Сонгуулийн нэгдсэн хууль гарах гээд дуншаад л байх шиг байна?

-УИХ-ын ажлын хэсэг дээр сонгуулийн хуулийн төсөл ид хэлэлцэгдэж байна. Сонгуулийн тогтолцооны хувьд намуудын үзэл бодлын зөрүүгээс болоод хууль өргөн баригдах түвшинд арай хүрээгүй байх шиг байна. Улс төрийн намуудын саналын тухайд гэвэл МАН мажоритар тогтолцоогоор, АН одоо мөрдөгдөж байгаа холимог тогтолцоогоор, бусад намууд холимог тогтолцооны жагсаалтаар нэр дэвшигчдийн тоог 38 болгоё гэсэн байр суурьтай байгаа юм байна лээ. Энд улс төрийн намууд ухаан бодлоо уралдуулж, тодорхой шийдвэр гаргах нь мэдээж. Хуулийг хаврын чуулганаар батлана гэж төлөвлөгөөнд орсон хэдий ч чуулган завсарлахад цөөн хоног үлдэж байхад шинэ хуулийн төсөл нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байх шиг байна.

 

 -Ирэх жил сонгуультай. Гэтэл хаврын чуулганаар Сонгуулийн хууль хэлэлцэгдэх нь бараг юу л бол гэж харагдаад байнаа. Одоо амжихгүй намрын чуулган хүргэвэл та бүгдийн дараагийн ажлууд зохион байгуулагдахад цаг хугацааны хувьд бас их шахуу болох нээ дээ. Ер нь одоо хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар Та ямар бодолтой байна вэ?

-УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн хуулийн төслийн талаар нэлээд хэдэн удаа хэлэлцлээ. СЕХ-ны хувьд нэгдсэн хуулийн төсөлд 50 гаруй саналыг албан ёсоор хүргүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон ажлын хэсгийг шаардлагатай танилцуулга, мэдээ, судалгаагаар тухай бүрт нь ханган ажиллаж байгаа болно. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд одоо мөрдөгдөж байгаа 6 хуулийг нэгтгээд байгаа юм. Нэгдсэн хуулийг гаргах тохиолдолд одоо байгаа бүх хуулийг нийлүүлэх байдлаар биш харин 2016 онд УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамт хийнэ гэж шийдвэл УИХ-ын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэх нь илүү тохиромжтой юм.  

 

2014 оны жилийн эцсийн статистик мэдээгээр сонгуулийн насны хүний тоо 1972104 байгаа бөгөөд 2016 он гэхэд энэ тоо 2 сая орчимд хүрэх урьдчилсан тооцоотой байна. Үүнээс гадна ямар тогтолцоогоор сонгууль явуулах, УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамт явуулах эсэх, мөн инфляци, валютын ханшны өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, батлагдсан хуулийг дагаж мөрдөх эрхийн актуудыг боловсруулан батлах, сурталчлах, мөрдүүлэх, сонгуулийн зардлыг тооцох, батлуулах зэрэг олон ажлууд шил дараалан хүлээж байна.

 

-2016 оны сонгуульд хар машинууд чинь бэлэн үү?

-Та бүхэн л хар машин гэж нэрлээд байдгаас биш хуульд зааснаар бол санал авах, тоолох төхөөрөмж л дөө. Энэ төхөөрөмж манайд 2500 ширхэг байдаг юм. Өмнөх сонгуулиудаар улсын хэмжээнд дунджаар 2000 орчим хэсэг байгуулагдсан байдаг. Ингэж үзэхэд санал авах, тоолох төхөөрөмж хүрэлцээтэй гэж үзэж байна. Манай Мэдээллийн технологийн төвөөс сонгуулийн санал авах, тоолох төхөөрөмжид жил бүр техникийн үзлэг оношлогоо хийж, програм хангамжийн болон техникийн хэвийн ажиллагааг шалгаж дүгнэлт гаргах, хадгалалт, хамгаалалтыг нь ч шаардлагатай нөхцөлд нь байлгах ажил тогтмол хийгдэж байна. Мөн дээр дурьдсан чиглэлээр ажилтнуудыг давтан сургах, мэргэшил мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг ч зохион байгуулж байгаа. Санал авах, тоолох төхөөрөмжид тодорхой тооны нөөц батарей шаардлагатай байгаа, учир нь 2016 он гэхэд зарим батарейны ажиллагааны хугацаа дуусах юм. Төхөөрөмжийн батарей маань 13 цаг тасралтгүй ажиллах горимтой. Ямар ч нөхцөлд төхөөрөмжийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахад нөөц батарейтай байх зайлшгүй шаардлагатай. Ер нь бол нөөц батарейг тог тасарсан үед юм уу, огт тоггүй газар л ашигладаг.

 

-Энэ нүсэр хуулийн төсөлд СЕХ-г өөрчлөх  асуудал явна лээ. Үүрэг зорилго нь ч нэг их тодорхой бус ч юм шиг.

-Энэ хуульд СЕХ-г Сонгуулийн төв газар болгоно гэсэн хувилбар явж байгаа. Манай СЕХ бол хамтын шийдвэр гаргадаг, дэлхий нийтийн жишиг, ардчиллын хэм хэмжээнд таарсан байгууллага гэж ойлгодог. Есөн гишүүн хуралдаж хамтын шийдвэр гаргадаг. Гэтэл энэ төсөлд шийдвэр гаргадаг есөн гишүүн байхгүй, харин улс төрийн зөвлөл гэдэг сонгуулиас хоёр сарын өмнө байгуулаад, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч тангараг өргөхөд татан буугддаг, сонгуулийн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина гэсэн үүрэг бүхий газар байхаар туссан байна лээ. Хамтын шийдвэрийг хэн гаргах нь энэ хуульд тодорхойгүй байгаа нь ардчиллын зарчмыг алдагдуулна гэж үзэж байна.

 

2006 онд батлагдсан, одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн төв байгууллагын тухай хууль нь эрх зүйн зохицуулалтын хувьд бүрэн боломжтой хууль юм. Манай Хорооны хувьд одоогийн бүтцээрээ ажиллаж, үүргээ гүйцэтгэж чадах, туршлагажсан, төлөвшсөн хамт олон. Төсөв мөнгө хүрэлцээгүй ийм үед Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг, Сонгуулийн ерөнхий хорооны бүтцийг ч заавал өөрчлөх шаардлагагүй юм. Мөн нэр өөрчлөх тухай санал гарсан гэсэн.

 

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн орнуудын хувьд авч үзэхэд хороо /committee/, комисс /commission/ гэдэг нэрээр аль алинаар нь л байдаг юм байна. Тэгээд ч манай байгууллагын хувьд нэрэнд ач холбогдол өгөхөөсөө илүү ардчиллын зарчимд нийцэж байгаа, бие даасан, хараат бус, хамтын шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой гэдэгт л ач холбогдол нь оршиж байгаа юм.

 

Дэлхийн нийт 217 улсад Сонгуулийн байгууллага ажиллаж байгаагийн 63.1 хувь нь байнгын ажиллагаатай, бие даасан, хараат бус байгууллага байдаг юм байна. Ардчиллын замаар замнаж байгаа хуучин социалист системийн орнуудын хувьд ч шинээр байгуулагдсан Сонгуулийн байгууллагууд нь бүгд бие даасан, хараат бус, хамтын шийдвэр гаргадаг, байнгын ажиллагаатай байгууллагууд байна.   

 

-Сонгуулиас хойш одоо хүртэл үргэлжилсэн хар машинаар тоолсон нь будлиантай болсон гээд үнэн худал нь мэдэгдэхгүй маргаан яваад байдаг. Үүнийг нэг тийш нь болгочихож болдоггүй юм уу?

-Үнэхээр ийм яриа улстөрчдийн түвшинд ч, иргэдийн дунд ч байгаа нь үнэн. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд санал авах, тоолох төхөөрөмжөөс дүнг хэвлэж гаргасны дараа маргаантай тохиолдолд хяналтын тооллого хийх талаар тодорхой заалт туссан байгаа. Гэхдээ МАН-ын зүгээс нэр дэвшигч шаардсан тохиолдолд саналын хуудсыг бүх хэсэг дээр гараар дахиж тоолно, гараар тоолсон дүн нь эцсийн дүн байна гэсэн, АН-ын хувьд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн саналын зөрүүд тодорхой хувь тогтоож хяналтын тооллого хийнэ гэсэн хоёр янзын байр суурьтай байгаа. Эндээс үзэхэд ямар ч тохиолдолд хяналтын тооллого хийх асуудал тусгагдана гэж ойлгож байна. Өнгөрсөн сонгуулиар хяналтын тооллогыг тодорхой хэсгүүдэд сонголт хийж тоолсон хэдий ч дээр дурьдсан маргаан тасрахгүй байгаа билээ. Ер нь энэ маргаантай байгаа асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх ёстой гэдэгтэй Тантай санал нэг байна.

 

-Гараар тоолоход төвөг чирэгдэл нь хэр байх бол?

-Нэг их төвөгтэй гэж бодохгүй байна. Нэг хэсгийн хороонд дээд тал нь 3000 сонгогч байгаа. Тэднээс хэдэн хувь нь санал өгөх нь тодорхой биш ч нэмэгдэхгүй нь ойлгомжтой. Ингээд үзэхэд шууд дэлгэц, кодоскоп ашиглаад илээр тоолчих бүрэн боломжтой. 2008 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлд Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрээр бүх хэсгийн хороодод ийм байдлаар зохион байгуулсан. Ямар ч маргаан, гомдол, зөрчил гараагүйг санаж байна. Ингэж л нэг тийш нь цэгцлэхгүй бол алийн болгон “хар машин”-аас боллоо гэж хардах вэ дээ.

 

-Орон нутгийн хурал бол арай өөр системээр явагдах  уу?

-Төслийг харахад орон нутгийн Хуралд намын жагсаалтаар орохгүйгээр байгаа. 2012 оны Орон нутгийн сонгуулиар ИТХ-д намын жагсаалтаар сонгогдож байсныг буруу гэж үзэж, зөвхөн намаас нэр дэвших эсвэл бие дааж нэр дэвших замаар сонгогдох ёстой, мөн нэг тойрог нэг мандат гэдэг дээр намууд тохироод байх шиг байна. Энэ нь зөв гэдгийг иргэд ч хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэдэг нь намын саналаар бус иргэдээс шууд сонгогдох ёстой.

 

Д.Сайнбаяр

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-17