УИХ-ын даргын орон нутгийн томилолт өндөрлөлөө
2015-06-24

 

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажиллалаа. УИХ-ын дарга эхлээд Говь-Алтай аймагт ажилласан. Тэрбээр тус аймгийн ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын шинэ байрны нээлтийн ёслолд оролцож  үг хэлэв. Тэрээр 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 500 хүний суудалтай шинэ байр нээлтээ хийснээр Алтай чуулгын хамт олон цаашид эрч хүч, урам зоригтойгоор уран бүтээлээ туурвиж, баруун хязгаарын ард түмэнд үйлчлэх боломж бүрдэж байна хэмээсэн юм. 


Энэ өдөр УИХ-ын дарга олон улсын сургалтын системийг нэвтрүүлж буй Алтай сумын I сургуульд ажиллан, химийн лаборатори болон ухаалаг самбар ашиглан сургалт явуулж буй анги танхимуудтай танилцав. Мөн Алтай сумын 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, Жаргалант багт шинээр баригдсан 1.8 км авто замын нээлтэд оролцсон юм. 

 

З.Энхболд Завхан аймагт үргэлжлүүлэн ажилласан. Тэрбээр Улиастай суманд болж буй  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтэд оролцсон. Үүний дараа 86 м2 талбайтай, 50 сая төгрөгийн үнэтэй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ажилчдын орон сууцыг үзэж танилцаад, Улиастай суманд баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцжээ.

Shuud.mn
Сонин хачин