Газраас “мөнгө босгох” хүлээлт
2015-06-24

Тавантолгой, Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжилснээр “тэнгэрээс мөнгө” бороогоор цутгасан мэт ороод ирнэ гэж мөрөөдөж, итгэж суудаг цаг хэдийнэ ард хоцорч. Өнөөдөр мөрөөдөж, хүлээсэн ч хөөсөрсөн бус бодитойгоор  сэтгэх болсон билээ. Тиймээс ч энэ хаврын чуулганаар хэлэлцээд байгаа хуулийн төслүүдээс Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл нийгэмд  хүлээлт үүсгээд байна. Учир нь жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд ид бүтээн байгуулалтын улирал эхэлсэн. Энэ үед иргэн бүр л хашаа байшингаа завсарлах, шинээр барих, модон хашаагаа блок болгож орчноо сайжруулахыг хичээж байгаа. Харамсалтай нь газраа өмчилж авсан хэдий ч банкны барьцаанд тавихад үнэд хүрч өгдөггүй гачлантай. Өмчилсөн газартаа үе дамжин амьдрах, үр хойчдоо чанартай, тохилог орчныг өвлүүлж өгөх гээд юу эсэхийг мөрөөдөж, тооцоолох билээ, өмчтэй хүн.

 

Хамтарсан Засгийн газар байгуулсан хэдий ч “73-ын бүдүүн бүлэг” талцсан хэвээр байна. Сонгуулийн жил дөхөхийн хэрээр Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчний дунд сөргөлдөөн ширүүсэх бололтой. Парламентаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд УИХ дахь нам эвслийн бүлэг байр сууриа хамгаалж, завсарлага авах нь олонтаа байна. Өнөөдрийн байдлаар Үл хөдлөх барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал АН, МАН-ыг талцуулаад буй. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслөөр газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгохыг зорьжээ.

 

Уг нь 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон. Гэвч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа юм байна. Энэ нь өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэнд хүндрэл учруулсаар ирж. Учир нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэх учир банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхолгүй байдаг нь нууц биш. Тиймээс л үл маргах журмаар үүргийг гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг хийжээ.

 

Харин үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тун хашир хандаж байгаа юм. Нэг талаас иргэн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг гишүүн Ц.Нямдорж хэлж байна лээ. Нөгөө талаас үл маргах журмаар газрыг худалдаалснаар хэн нэг этгээдийн гарт газрын наймаа орчих вий гэсэн болгоомжлол байгаагаа тус намын бүлгийнхэн илэрхийлсэн.

 

АН-ын хувьд, тэр дундаа АН-ын дарга З.Энхболд байр сууриа хатуу хамгаалж байгаа. Тэрбээр “Би 1996 онд ТӨХ-ны дарга байхдаа орон сууцны хувьчлалыг эхлүүлж байсан. Өнөөдөр иргэд орон сууцандаа сайхан амьдарч, эдийн засгийн эргэлтэд ч оруулж байна. Яагаад иргэд өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, орчноо сайжруулж болохгүй гэж. Иргэний өмчилсөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэд хүргэх ёстой” хэмээн бататган тайлбарласан.

 

Ямартай ч газрын маргааныг шүүхээр шийдвэрлэнэ гэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Гэхдээ МАН-ын бүлэг “Газар бол улсын үндэс. Тиймээс гоомой хандаж болохгүй” гэж үзэн тав хоногийн завсарлага авсан. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн засварлагааны хугацаанд спикер уг хуулийн төслийн амьдралд хэрэгжүүлэх, байр сууриа бататгах зорилгоор дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзахдаа уг сэдвийг хөндсөн байна лээ.

 

Үл маргах журмаар газрыг худалдаах тухай хуулийн төсөл дэмжигдлээ гэхэд автор нь эрх баригчдад хаяглагдана. Тиймээс АН-ынхан иргэдийн газрыг эргэлтэд оруулах эрхийг нээж өгсөн нь сонгуулийн үед эерэг оноо болох биз. Харин АН-ын энэ нүүдлийг урьдчилан тооцоолсон нь МАН-ын бүлгийн эсэргүүцэх, завсарлага авах шалтгаан байж ч болно гэж ажиглагчид үзэж байна.

 

Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдлээ. Харин энэ хуулийн төсөл хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн хэрхэн батлагдах нь иргэдэд чухал байна. Хууль хэрхэн батлагдахаас хамаарч наадмын дараах намрын ажил, бүтээн байгуулалт, санхүүгийн эх үүсвэр шалтгаалах нь.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hjjj
2015-06-24
Зочин:
МАН ынхан харин хот ходоогуй газрыг замбраагуй зарж намаа болон хувиа санхуужуулсэн нь туйлын унэн.
2015-06-24
Иргэн:
Орон сууцандаа сайхан амьдарч байна гэнэ үү нохой. Орон сууцтай болгон сайхан амьдарч чадахгүй байгаа шүү. Эд нар ?р нь өөрөөсөө жаахан доод түвшнийхнийг харж үнэн сэтгэлээсээ танилцдаг болоосой.
2015-06-24