600 гаруй бог аянганд цохиулжээ
2015-06-24

Баянхонгор аймгийн нутагт сүүлийн өдрүүдэд хур бороо үргэжлэн орж, үүний улмаас тус аймгийн Баянговь сумын нутагт аянга бууж, үер болон мал сүрэг хорогджээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, хошууч Б.Мягмарсүрэнтэй утсаар холбогдож тодруулсан юм.

 

-Танай аймгийн нутагт орсон хур борооны улмаас талын үер буусан гэх мэдээлэл  байна. Энэ талаар тодруулж өгөөч?

-Манай аймагт сүүлийн 4-5 хоног бороо орж байна. Нийт нутгаар хуурай, гандуу байсан тул хур бороо олон хоногоор  орж байгаа нь сайн талтай. Гэхдээ зарим сумдад түр зуурын аадар бороо, аянга бууж, мал амьтан хорогдсон. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 18:15 цагт Баянговь сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний усархаг бороо орж, аянга буусан. Аянганд 35 бог цохиулсан. Мөн өдрийн 20:00-22:00 цагт орсон усархаг борооны улмаас Баянговь сумын төвөөс 10 км т байх малчин өрхийн 600 орчим мал өртсөн. 170 орчим нь осгосон бол үлдсэн бог мал нь үерт урссан байна. Бусад сумдын хувьд байдал тайван байна.

 

-Орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сум орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн иргэдтэй хамтран байгалийн гэнэтийн аюулд өртсөн бог малын сэг зэмийг булах ажлыг эхлүүлээд байна.

 

-Амралт зугаалгын улирал эхлээд байна. Орон нутгийн болон аялал зугаалгаар  яваа иргэдэд хандан анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө үү?

-Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сард их халалтын улмаас аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи, уруйн үер болох эрсдэл нэмэгдэнэ гэж байна. Тиймээс голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрх үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн бороо орох үеэр салхины хүч түр зуур ширүүсэх учир гэр орон, байшингийн дээврийн бэхэлгээ, хашаа хорооны бат бэх байдлыг хангаж иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг сануулж байна. Аялал зугаалгаар яваа иргэдийн хувьд баталгаатай зам гүүрээр гатлахыг зөвлөе.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин