Францын бүх нууцыг мэдсэн үү
2015-06-25

“Wikileaks” сайтад “Espionnage Elysee” гэх гарчигтай нэгэн мэдээлэл тавигджээ. Тус сайтад АНУ, Франц хоёр улсын дипломат харилцааг сэвтүүлж мэдэхээр хэд хэдэн мэдээлэл нийтлэгдсэн байна. АНУ-ын Аюулгүй зөвлөлийн байгууллага буюу “NSA” 2006-2012 онд Францын гурван Ерөнхийлөгчийг тагнаж, мөрдөж байсан нь тогтоогджээ. Уг мэдээлэлтэй холбогдуулж telegraph.co.uk сайтад тавигдсан нийтлэлийг хүргэж байна.

 

 

“NSA” зургаан жилийн хугацаанд өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд, өмнөх Ерөнхийлөгч Никола Саркози болон Жак Ширакийг тагнадаг байсан гэнэ. Олны анхаарлыг татаад буй энэхүү нууц материалд АНУ-ын удирдлагууд Ерөнхийлөгчдийн оролцсон хурал, цуглааны мэдээллийг илүү ихээр сонирхдог нь тодорхой болж. Ерөнхийлөгч Франсуа Олландын 2012 онд Грек улсын Евро бүсээс гарах тухай хуралдааны материал, яригдсан асуудлыг “NSA” зөвшөөрөлгүйгээр авсан нь тогтоогдсон байна. Мөн 2011 онд Ерөнхийлөгч асан Никола Саркози АНУ-ын оролцоогүй Израйль, Палестины энхийн хэлэлцээрийг сэргээх төлөвлөгөөтэй байсан гэх мэт улсын нууцад хамааралтай материалууд уг сайтад нийтлэгджээ.

 

Ерөнхийлөгчдийг тагнахаас гадна АНУ дахь Францын элчин сайдын утасны яриа, цахим сүлжээг “NSA”-аас тагнадаг байжээ. Одоогоор АНУ-ын Засгийн газар, “NSA” тагнуулын хэрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийхээс эрс татгалзаж буй юм. “АНУ, Францын бүх нууцыг мэдсэн үү” гэх энэхүү асуултад Францын удирдлагууд ч хариулж чадахгүй байна. Ерөнхийлөгч бол улсын эцэг. Эцэг гэрийн бүх зүйлийг хамгийн сайн мэддэг цор ганц хүн.

 

Эдгээр материалыг Орост орогнож буй “NSA”-ийн экс ажилтан Эдвард Сноудан “Wikileaks” сайтад дамжуулсан эсэх нь тодорхойгүй байгаа ч сайтад нийтлэгдсэн бүх материал үнэн бодит болохыг “Wikileaks”-ийн удирдлагууд баталжээ. Тус сайтыг үндэслэгч Жулиа Ассанж “Францчууд үнэнийг мэдэх хэрэгтэй. Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн мэдэгдсэн байна.

 

Ассанжийн дээрх мэдээллээс авч үзвэл “NSA”, Францын дайн өнөөдрөөр дуусахгүй бололтой. “Wikileaks” сайтын хэвлэлийн төлөөлөгч Кристан Крафсон “Мэдээж хэрэг “NSA”, Германы Канцлер Ангила Меркелийн утсыг чагнасан шиг Францын удирдлагуудын утсыг чагнасан байх” гэж хэлжээ.

 

“NSA”-ийн хэвлэлийн төлөөлөгч Нед Фрисе олон улсад тархаад буй мэдээлэлд хариу өгчээ. Тэрбээр “Wikileaks” сайтад нийтлэгдсэн “NSA”-тай холбоотой мэдээлэл үнэн, зөв гэдгийг хэн ч нотлоогүй байна. Тун удахгүй үнэн ил болох байх. Мэдээж хэрэг манай байгууллагыг тойрсон олон мэдээлэл бий. Нэг зүйлийг хэлэхэд бүх зүйл баримт, нотолгоотой байх учиртай” гэж хатуухан мэдэгджээ. Дээрх тагнуулын хэрэгтэй холбогдуулан Олландын туслах “AFP” агентлагт “Ерөнхийлөгч өнөөдөр Батлан хамгаалах яамны удирдлагуудтай “NSA”-ийн мөрдөн тагнасан асуудлаар ярилцаж, шийдвэрээ гаргах болно” гэж ярьжээ.

 

 

Нэг ширээний ард тойрч суугаад дэлхийн энх тайвны асуудлаар ярилцдаг хүмүүс нэг нэгнээ тагнаж, мөрдөж, үл итгэдэг нь энэхүү материалаас ил болж байна. Улстөрчид нэг нэгэндээ хэзээ ч итгэддэггүй гэдэг үнэн бололтой. “NSA”-ийн тагнуулын асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдээгүй гэдэг нь худлаа. Тэрбээр хамгийн сайн мэдэж байгаа, нэг үгээр “гол хүн”. Обама, Канцлер болон Олландтай уулзаж, дэлхийн асуудлаар ярилцах тун дуртай. Гэхдээ тэрбээр үнэн сэтгэлээсээ тэдэнтэй ярилцахыг хүсээгүй нь тодорхой. АНУ-ын тагнуулын хэрэг тэднийг ганцуурдуулах цаашлаад найзгүй, түншгүй болгох магадлалтай юм.

 

Эргэн сануулахад, Орост байгаа Сноудан нэгэн материалыг олон нийтэд дэлгэсэн юм. Тус материалд дурьдсанаар “NSA” 10 гаруй жил Германы Канцлер Ангила Меркелийн гар утас, ажлын, гэрийн утсыг нь чагнадаг” гэсэн юм. Энэхүү мэдээллийн дараа АНУ болон Ерөнхийлөгч Барак Обамаг албан ёсны тайлбар хийсний дараа хоёр улсын дунд цав үүссэн гэхэд болно. Утас чагнасан гэх мэдээллийг АНУ батлаагүй ч ихээхэн хүнд байдалд орж, олон улс дахь нэр хүнд нь аажмаар доошилж эхэлсэн.

 

Сноуданы хувьд “Канцлерийн утсыг чагнадаг” гэх мэдээллийг нийтэд цацсныхаа дараа ““NSA” дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүнийг тагнаж, мөрддөг. Энэ мэдээлэл тун удахгүй ил болох болно” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын хүнд итгэдэггүй зан нь ганцаардуулж буйг тэд өөрсдөө ч мэдэхгүй байгаа нь эмгэнэл.

 

“NSA” гадны томчуудыг тагнахаас гадна америкчуудаа чагнаж, тагнасан нь тогтоогдсон. Тус байгууллага ойролцоогоор 20 сая хүний утасны яриа, цахим сүлжээг хянадаг байсан нь тогтоогдож, иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Ард түмний хувьд баатар болсон Сноудан, АНУ-ын удирдлагуудын гол дайсан. Түүнийг АНУ-д ирвэл шууд барьж, ял асуухаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдээд байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин