МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчлахгүй
2015-06-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг хэлэлцлээ. Жагсаалтад багтсан нийгмийн салбар тэр дундаа I, II, III эмнэлэг, их дээд сургуулийг хувьчлах асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эмнэлэг, сургууль, МИАТ-ийг хувьчлах талаар ҮАБЗ болон төрийн өмчийн компаниудын саналыг авсан уу? Төрийг хямрал, түмнийг ядууруулах тогтоолын төсөл явж байгаа юм биш биз дээ?

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Нийгмийн салбарт хувьчлал хийх заалт орж ирсэн. Байнгын хороо, ажлын хэсэг ярилцаад ниймийн салбарын хувьчлалыг хойшлуулах санал гаргасан. МИАТ-ийг хувьчлах асуудал орж ирээгүй.

 

УИХ-ын гишүүн А.Бакей:  “МЦХ” ХК-ний төрийн эзэмшлийг Солонгосын компанид санал болгож, татгалзвал нийтэд худалдана гэж болж байгаа юм уу? Нэр зааж болохгүй, энэ ямар учиртай вэ? Ингэж нэр заахаар Солонгосын тал бага үнээр авах гээд гэдийгээд суучихна.

Төрийн өмчийн их дээд сургуулийн асуудал дээр байынгын хороо хувьчлахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Төсөлд бичсэнээр бол төрийн өмчийн их дээд сургуулийг ашгийн бус компанид шилжүүлнэ гэсэн байна. Компанийн хуульд ашгийн бус гэсэн нэр томъёо байхгүй.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: “МЦХ” ХК-ний төрийн эзэмшлийг Солонгосын компанид шилжүүлэх талд байнгын хороонд санал гараагүй. Засгийн газар боломжтой гэж ийм заалтыг оруулж ирсэн байх. Солонгосын компани өндөр хувь эзэмшдэг учраас хуулдийн давуу эрх байдаг юм шиг байна лээ.

Нийгмийн салбарын хувьчлал гэдгийг хасаад өөрчлөн байгуулалт гэдгийг үлдээхээр ярилцсан. Ажлын хэсэг, намын бүлэг дахиж яриад бүхэлд нь хасах зарчмын тохиролцоонд хүрсэн.

 

ТӨХ-ын дэд дарга Төмөрбаатар: МЦХ ХК-ийн 40 хувь нь Солонгосын талд байдаг. Аль нэг нь татгалзаж гарвал нөгөө талд санал болгоно гэсэн гэрээний заалт бий.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Дэмжиж байна. ТӨХ-ны өөрчлөлт, бүтцийг хэзээ ярих вэ? Төр хөрөнгөө ямар удирдлага, менежментээр удирдах вэ? Төрийн өмчийн үнэлгээ 5 их наяд гэдэг. Энэ хэзээ хийгдсэн үнэлгээ вэ?

 

Ажлын хэсгийн дарга Ө.Энхтүвшин:  Энэ баримт бичгийн өнөөдөр ярих ёстой биш. 2012 онд ярих ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдахдаа зэрэгцээд хувьчлах үндсэн чиглэл батлагдах ёстой. 170 тэрбум төгрөгийн орлогыг 2015 оны төсөвт оруулах шаардлагатай гэж орж ирсэн. Засгийн газар яаралтай баталж өгөөч гэсэн. 170 тэрбумыг төсөвт оруулахгүй бол орлого тасрах гээд байгаа гэсэн. Яг 170 тэрбум төгрөг олно гэсэн тооцоо бас үгүй юм шиг байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Монголын Хөрөнгийн биржийн тухайд УИХ-ын хоёр ч тогтоолд хувьчлах нь зүйтэй гэж орсон. Одоо энэ чиглэлээс хасна гээд, байнгын хороо дэмжээгүй байна. Ажлын хэсэг ажилласан юм уу, хувь гишүүд ажилласан юм уу?

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:  Хөрөнгийн биржийг байнгын хороогоор ярьж байгаад ажлын хэсэг хасах санал оруулж ирсэн. Ажлын хэсэг, намын бүлэг ярилцаад хувьчлах, хувьцааг нь олон улсын зах зээлд гаргах нөхцөл бүрдээгүй гэж үзээд хасах саналтай байна.

 

Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин: Анх оруулж ирэхэд Хөрөнгийн бирж Лондогийн хөрөнгийн бирж, дотоодод, татварын өр ихтэй байсан. Одоо тэр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Жишээлбэл, Лондонд төлөх 8 сая долларыг 2015 оны төсвөөс төлөөд дууссан. Татварын бага зэрэг маргаантай байгаа. Хөрөнгийн бирж одоо сэргэж байгаа. Нэлээн итгэл төрүүлсэн байдал бий болоод байгаа. Үүнийг нь жаахан харвал яасан юм бэ.  

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: АН-ын бүлэг дээр төрийн өмчит эмнэлгийг хувьчлах нэг ч асуудал яриагүй. Үүнийг улстөржүүлж байна. Төрийн өмчит эмнэлгийг хувьчлахгүйгээр засаглалыг хэрхэн сайжруулах талаар хуулийн төсөл өргөн барина.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Энэ бодлогын баримт бичгийг 2012 онд Засгийн газар бүрдэнгүүтээ оруулж ирэх ёстой. Одоогийн энэ бичиг дотор тасралтгүй популизм явж байна. Сонгууль дөхсөн байхад үүнийг оруулж ирж байгаа нь тухайн гишүүн тойргоосоо сонгогдохын тулд тэнд байгаа аж ахуйн нэгжийг ашиглах популизм нэвт явж байна. Хувьчлалыг далимдуулж популизм хийхийг эсэргүүцэж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хувьчлалд Монголын ард түмэн сэтгэл хангалуун бус байгаа. Эрдэмтэн сэхээтэн гэдэг байсан бол 20 жилд баян, ядуу гэж ялгадаг болсон. Бид уул уурхай, лиценз, Улаанбаатар хотын барилга, газрыг хэт цөөнхөд төвлөрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийгэмд бухимдал бий болсон. Энэ дахиад давтагдах гэж байна. Эзэнтэй, захиалгатай хувьчлал явагдах гэж байна. Энэ өмч хөрөнгийг олон түмэн хүртэх боломжийг яагаад нээж өгөхгүй байна вэ? Яагаад үүнийг хийх ёстой Хөрөнгийн биржийг хувьчлах болов?

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:  Хөтөлбөр өөрөө хоёр удаа орж ирсэн. УИХ нэлээд цаг хугацаа өнгөрөөсөн асуудал. Чухам нэн нь захиалгаад, хэн нь хувьчлаад байгааг хэлж мэдэхгүй.

 

Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин: Энэ баримт бичиг 2012 оны сонгуулийн дараа орж ирсэн бол Энхбаяр гишүүний ярьж байгаа том бодлогын зүйлийг ярьж байж, жагсаалтыг батлах байсан. Хугацаа хязгаарлагдмал байна. Засгийн газар 170 тэрбум оруулах саналаа дахин дахин илэрхийлээд байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлалыг энэ удаа хассан. Тариалан эрхлэлтийн дэмжин сангийн хувьчлалыг ч  энэ удаа хасахаар боллоо.

 

Гишүүдийн асуулт хариулт дуусч, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Тогтоолын төслөөс нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалт гэсэн хэсэг бүхэлдээ хасагдлаа. Ингэснээр 2015-2016 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалт, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин