Тунисийн хохирогчид гэртээ харив
2015-06-30

Тунис улсын Сус хотноо Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Сейфеддине Резгуй халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн юм.

 

Амиа алдсан иргэдийн ихэнх нь Британийн иргэд байсан бөгөөд тус улсын аврах алба өчигдөр Тунист жуулчлалаар ирээд буй иргэдээ эргүүлэн татсан байна. Тэднийг “RAF C17” онгоцоор тээвэрлэж, Британид авчирчээ. Гэмт этгээдийн гэнэтийн дайралтаас  болж Британийн 30 иргэн амиа алдаж, 11 иргэн шархтсан билээ. Шархтсан иргэдэд Тунис, Британийн хамтарсан баг эмчилгээ хийсэн байна. “Амиа алдсан иргэдийн цогцсыг Лондон хотноо авчирч, гэр бүлд нь хүлээлгэн өгөхөөр болсон” хэмээн Ерөнхий сайд Дэвид Камероны хэвлэлийн төлөөлөгч “www.dailymail.co.uk” сайтад ярьжээ. Британийн удирдлагууд амиа алдсан иргэдийнхээ хариуг хэт даврагчдаас авахаа мэдэгдээд  байгаа юм.  Тус улс Иракт цохилт өгөх эсэх нь тодорхойгүй байна.

 

Өнөөдөр Лондон хотын иргэд Тунисийн хохирогчдод хүндэтгэл үзүүлж, лаа асаахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин