Андрес Любицийн ар гэрт нөхөн төлбөр өгнө
2015-07-03

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Альпийн нурууны ойролцоо осолдсон билээ. Ослын улмаас багийн найман гишүүн болон 144 зорчигч амиа алдсан юм. Одоогоор ослын буруутнаар хоёрдугаар нисгэгч Андрес Любицийг нэрлээд байгаа. Тэрээр ахмадыг бүхээгнээс гарсны дараа хаалгаа цоожилж, жолоог авсан нь хар хайрцагны бичлэгт үлдсэн юм. Ахмад түүнийг загнаж, гуйж буй нь бичлэгт үлджээ. Ослын дараа “Germanwings” компанийн удирдлагууд амиа алдсан зорчигчдын гэр бүлд тус бүр нь 50 мянган еврогийн нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн билээ. Энэхүү мөнгө нь хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөрөөс тусдаа гэдгийг компанийнхан мэдэгдсэн юм. Мөн Германы Засгийн газар осолдсон онгоцонд зорчиж явсан Германы 72 иргэний гэр бүлд 70 мянган еврогийн нөхөн төлбөр олгохоор эцэслэн шийдвэрлэжээ.

 

Германы “BILD” сонин “Нөхөн төлбөр энэ сардаа багтаан зорчигчдын гэр бүлийнхний данс руу шилжих юм. Хамгийн сонирхолтой нь 150 хүний аминд хүрч, алан хядах ажиллагаа зохион байгуулсан хоёрдугаар нисгэгч Андрес Любицийн гэр бүлд хүртэл нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Хар хайрцагт бичигдсэн бүхэн түүний эсрэг чиглэж, ослын гол буруутан хэмээж буй ч Засгийн газар, Андрес Любицийг санаатайгаар хамгаалж, осол санамсаргүй болсон гэж олон нийтэд итгүүлэхийг оролдож байна” гэж бичжээ.

 

Ослоор Испанийн 35, АНУ-ын 2, Австрали, Аргентин, Иран, Венеусэл, Колумб, Мексик, Япон, Израйль, Дани, Голланд, Казахстаны иргэд амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин