Кристинагаас салахыг шаардав
2015-07-05

 

Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинагийн биеийн байдал эрс муудаж, дахин ухаан орох боломжгүй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Охины биеийн байдал хоёр долоо хоногийн өмнөөс муудаж, энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжээд байгаа юм. Кристина энэ оны эхээр гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон бөгөөд шинжилгээгээр тэрбээр тархиндаа хүнд гэмтэл авсан нь тогтоогдсон билээ. Уитни амиа алдсаны дараа охин сэтгэлээр унаж, архи согтууруулах ундаа болон нойрны эмэнд донтож, өөрийгөө хянах чадваргүй болоод байсан юм.

 

Дуучин Бобби Брауны хэлснээр охиныг сүйт залуу нь байнга зодож, биед нь хүнд гэмтэл учруулдаг байсан гэжээ. Тэрбээр өчигдөр “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцож, охиныхоо биеийн байдлын талаар ярьжээ. Браун “Охин минь ухаангүй байгаа. Уитнигийн гэр бүл охины дэргэд байж, асарч халамжилж байна. Энгийн тасагт шилжихэд нь үнэхээр баярлаж, уйлсан. Харин хэдхэн хоногийн өмнө дахид л эрчимт эмчилгээний тасагт шилжлээ.Охиныг минь ургамалан хүн болгосон Ник Горданыг харахаас дургүй минь хүрч байна. Тэр охиныг минь зодож, дарамталж мөнгийг нь үрдэг байсан. Сүйт залуу хэмээн нэрлэсэн тэр алуурчин охиноос минь нэн даруй зайгаа барихгүй бол би юу ч хийж магад. Сануулж байна шүү. Охиноос минь салж, бидний амьдралаас зайлаад өг” гэж хэлжээ.

 

Энэхүү нэвтрүүлгийн дараа Ник Гордан твиттертээ “Бурханы өмнө амлаж  байна. Би Кристинаг зодож, дарамталж байгаагүй. Бобби Браун намайг муулж, харааж болно. Тэгсэн ч би Кристинагийн дэргэдээс холдохгүй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин