АЗХ Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжинэ
2015-07-08

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ дахь бүлэгтээ МАН-тай хийсэн гэрээгээ цуцлах үүргийг өгөөд байгаа билээ. Засгийн газарт хамтарч ажиллах хугацаандаа МАН төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийж, АН-тай байгуулсан гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж  байгаа. Харин өчигдөр АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны удирдлагын бүрэлдэхүүн  хуралджээ. Хуралдаанаар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэн нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Жандосоос тодрууллаа.

 

-МАН-ыг Засгийн газраас гаргах АН-ын Гүйцэтгэл зөвлөлийн шийдвэрт  АЗХ ямар байр суурьтай байна вэ?

 

-АЗХ-ны удирдлагууд өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг дүгнэлээ. Хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг авч хэлэлцээд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Манай холбоо  АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэрийг дэмжихээр 100 хувь санал нэгдлээ.  Цаашид АН ачаагаа өөрсдөө үүрэн ард түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлээд явах ёстой гэсэн байр суурин дээр санал нэгдсэн.  Монгол Ардын нам анх Монгол Улсын хөгжлийн асуудлыг түргэвчлэх, өнөөгийн эдийн засгийн хямралаас түргэн хугацаанд гарах зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр амлалт авч, Засгийн газарт орсон. Харамсалтай нь энэ хугацаандаа МАН зөвхөн сандал, ширээний асуудлыг ярьж, өөрийнхөө намын гишүүдийг төрийн албанд олноор нь зүтгүүлж байршуулах ажлыг сайн хийлээ. Цаашдаа энэ байдлаар МАН-тай хамтарч Засгийн газар байгуулж хамтарч ажиллаад явах нь боломжгүй гэж үзсэн АН-ынхаа Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хүндэтгээд дэмжиж ажиллахаар болж байгаа.  

 

-Энэ шийдвэрийг АЗХ-ны орон нутгийн салбар хороодын гишүүд хэрхэн хүлээж авсан бэ. Тэдний санал бодлыг сонссон уу? 

 

-АЗХ 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй, 365 суманд төлөөлөлтэй үндэсний хэмжээний байгууллага. Мэдээж орон нутагт байгаа АЗХ-ны дэмжигч гишүүд,  залуучууд маань дангаараа засаг байгуулах нь зүйтэй гэсэн санал санаачлагыг гаргаж байгаа. Бид гишүүд дэмжигчтэйгээ байнга уулздаг. Бидний энэхүү гаргасан шийдвэр гишүүд, дэмжигчдэд таалагдаж, тэд цаашдаа дэмжиж явна эгж бодож байна. Тиймээс Засгийн газрыг цаашдаа АЗХ-ныхон дэмжиж ажиллана. АЗХ-ны 21 аймаг, есөн дүүрэгт байгаа дунд шатны салбар, зөвлөл маань бас засгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах тал дээр идэвх зүтгэл гаргаж хамтарч ажиллана гэдгийг энэ дашрамд илэрхийлэх нь зүйтэй байх гэлээ.

 

Тус холбооны Удирдлагын бүрэлдэхүүнд  АЗХ-ны Ерөнхийлөгч, хоёр тэргүүн дэд ерөнхийлөгч, зургаан дэд ерөнхийлөгч багтдаг аж. Тэд 100 хувийн ирцтэйгээ дээрх асуудлыг хэлэлцжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
НАМЗХ:
Харин ч ойлгосон нөхөр шааж явна
2015-07-08
харамсалтай:
Энэ залуу бол юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна даа
2015-07-08