Иргэдийнхээ нууц мэдээллийг алджээ
2015-07-10

АНУ-ын Засгийн газар өөрийн улсын 21.5 сая иргэнийхээ мэдээллийг кибер халдлагын үеэр алдсан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хакерууд өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын ажилчдын нэгдсэн мэдээллийн санд нэвтэрч, томоохон компанийн ажилчдын дотоодын нууцлалтай холбоотой цалингийн цэс, хувийн мэдээлэл зэргийг хулгайлсан байна.

 

Цагаан ордноос мэдээллээс Хятадын хакерууд дээрх кибер халдлагыг үйлдсэн байж магадгүй гэжээ. Хятадын хакерууд өнгөрсөн сард АНУ-ын Засгийн газарт ажиллаж байсан, ажиллаж байгаа 4.2 сая хүний хувийн мэдээллийг хакердсан гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.  

 

Сөрөг хүчин Бүгд найрамдах намын удирдлагууд Ерөнхийлөгч Барак Обамаг энэ асуудал дээр анхаарлаа тавихыг хүсээд “Иргэдийн мэдээллийг алдана гэдэг улсын нууц задарсантай утга нэг” гэж мэдээлжээ. Гэхдээ кибер халдлагын цаана хятадууд байхгүй хэмээн Бээжингийн талаас албан ёсоор мэдээлсэн байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд буй Хилари Клинтон өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Цагаан ордон болон төрийн байгууллагад кибер халдлага явуулж буй хакеруудыг ОХУ, БНХАУ, Иран, Хойд Солонгосын Засгийн газар санхүүжүүлдэг хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин