Дөрвөн усан цэргийн аминд хүрчээ
2015-07-17

АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо байрлах тэнгисийн цэргийн барилгад зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийн аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Халдлага үйлдэгчийг цагдаа нар баазаас холгүй буудаж, аюулгүй болгожээ.  Цагдаа нарын мэдээлснээр цэргүүдийн аминд хүрсэн этгээд Кувейт гаралтай Мухаммед Юсуф Абдулазеез гэгч байжээ. Тэрээр АНУ-д 2009 оноос амьдрах болсон байна.  Мухаммед өнгөрсөн онд  согтуугаар жолоо барьж байхдаа цагдаад саатуулагдаж, 20 мянган ам.доллароор торгуулж байжээ.

 

Халдлага үйлдсэн залуутай адилхан нэртэй эрэгтэй 2012 онд Теннессийн их сургуулийн  инженерийн ангийг төгссөн байна. Тус сургууль “Халдлага үйлдэгч, манай сургуулийн оюутан байж болзошгүй” гэж мэдэгджээ. Халдлагын дараа цагдаа нар Чаттануга хотод байрлах Мухаммедын гэрт нэгжлэг хийж, хоёр хүнийг баривчилсан байна. Одоогоор Мухаммедыг хэт даврагч болон “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоогоогүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин