Бригадын Генерал Б.Амгаланбаатар: Аав намайг ”манай генерал” гэж өхөөрддөг байсан
2015-07-20

Бригадын генерал Б.Амгаланбаатар. Энэ эрхэм Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цэргийн дээд цол болох генералын мөрдөсөө гардан аваад удаагүй байна. Тэрээр энэ эрхэм цолоо зүүгээд удаагүй ч, батлан хамгаалах салбартаа аль эртнээс генералын энтэй хурандаа гэж хүндлэл хүлээсэн нэгэн. Ингээд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатартай ярилцсанаа хүргэе.

 

- Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын босгон дээр цэргийн байгууллагадаа сайн мөртэй ажиллаж яваа офицеруудын буухиа болгож гурван хүнд Бригадын генерал цол олгосны нэг нь Та. Цэргийн дээд цол хүртсэнд тань баяр хүргэе?

 

-Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчинд 33 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цолыг авсан явдалд миний түрүүлж өсгөсөн ижий аав, тулж өндийсөн уул ус, эрдэм номонд хөтөлсөн багш, эр цэрэг болгож хүмүүжүүлсэн үе, үеийн захирагч, хамт олны минь тус нэмэр их бий. Төр, түмэн олондоо талархаж сууна даа.

 

-Та Монгол Улсын хэд дэх генерал нь болж байна?

 

- 167 дахь генерал цолтон байх. Үнэмлэхийн дугаараар тэгж ойлгосон.

 

-Нутгаасаа хэд дэх генерал юм?

 

-11 дэх нь шиг санагдаж байна. Би Ховд аймгийн Чандмань сумынх. Яах вэ, сумаасаа бол хоёр дахь нь. Миний өмнө Юүлтийн Жаргал гэж барилгын цэргийн удирдах газрын даргаар олон жил ажилласан сайхан буурал генерал болж байлаа. Түүнээс хойш манай сумаас генерал төрөөгүй.

 

-Таныг энэ цолыг нэлээд хожуу авлаа гэж армийнхан ярих юм билээ. Хэд, хэдэн жил таны нэр генерал авах хүний тоонд яваад л байсан гэнэ?

-Тэр бол хүмүүсийн хүлээлт л байсан байх. Надад удаан түргэн нь чухал биш. Гагцхүү төр, засаг хийж бүтээснийг маань үнэлж, ирээдүйд хийж бүтээхийг үүрэгдэж өгсөн гэж ойлгож байна.

 

-Эр цэргийн албанд 33 жил зүтгэж яваа танд ажлын гараагаас эхлээд амьдралын алтан мөчүүд хүртэлх хуучлах зүйл арвин бий. Цэргийн албанд яагаад оров. Таны гэр бүлийн ойр тойронд цэргийнхэн бий юу?

 

-Цэргийн хүн тун цөөхөн дөө. Аавын маань төрсөн дүү Баатарцогт гэж Эрдэнэтийн дивизид жагсаалын даргаар ахлах түрүүч цолтой халагдаж байсан хүн бий. Ээж талаасаа гэвэл ээжийн нагац эгчийн нөхөр Хилийн цэргийн хурандаа хүн байлаа. Цэргийн албанд зүтгэх нэг шалтгаан тэр хүний нөлөө. Хоёр дахь шалтгаан нь тухайн үеийн нийгмийн байдал. Юу гэхээр намайг бага байхад соц нийгмийн үед “Дөл” гэж болдог байлаа. Улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэг гээд л дунд сургуулийн найм, есдүгээр ангийнхныг хамардаг, гүйж харайдаг, цэргийн норматив, дасгал хийдэг, буу задалж угсардаг тэмцээн. Тэр тэмцээнд ангиараа сайн оролцоно. Хүүхэд болохоор амжилт гаргаад ирэхээрээ урамшаад сонирхол болгоод лавшруулж хичээллэдэг байж. Дээрээс нь өөрөө туайн үедээ АСТ /авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн/-ийг хөтөлж, найруулах их дуртай. Гэхдээ эцэст нь цэргийн хүн болно гэж бодож байсангүй. 1982 онд аравдугаар анги төгсдөг жилдээ Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн ангид орох гээд бэлдэж байхдаа 10 дугаар ангиа онц, сайн дүнтэй төгссөн эрэгтэйчүүдийг цэргийн сургуульд конкурсгүй авна гэсэн зар ирэхээр нь шууд орчихож билээ. Нэгдүгээрт, өөрийн сонирхолдоо хөтлөгдсөн бололтой юм. Хоёрдугаарт, конкурст бэлдэхээс залхуурж байгаа байхгүй юу. Тэгээд л цэргийн хүн болсон доо. Энэ сонголтондоо хэзээ ч харамсч байсангүй. Харин ч их хувь тохиол байжээ гэж хардаг шүү.

 

-Залуухан дэслэгч Б.Амгаланбаатар ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

 

-1986 оны долдугаар сард шавилхан шар залуу тухайн үедээ бага даргын сургууль гэж алдаршсан байсан даа ардын армийн 150 дугаар ангид томилогдож байсан юмдаг. Эргээд харахад зэвсэгт хүчинд салаан захирагчаас эхлээд Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга хүртэлх алба хашсан байна. Энэ хугацаанд гурван офицерийн үнэмлэх дүүргэж, 11 цэргийн байгууллагад дөрвөн аймгийн нутаг дамжин 10 мянга гаруй км нүүсэн байдаг юм.

 

-Зэвсэгт хүчинд цэргээс даргын албан тушаалд нь ажилласан. Ёстой нөгөө бүх шат дамжлагаар өгсөж яваа гэдэг үнэн байх нь?

 

-Анх томилогдож очоод бага мэргэжилтэн бэлтгэх ажил руу орж байлаа. Тэр үеийн салаан захирагч гэдэг бол худалч хүнд дээд сургуулийн багш л гэсэн үг шүү дээ. Салааныхандаа 45 минут хичээл заагаад 10 минут завсарлана. Өдөр бүр энэ жишгээр хичээл заана. Тэндээс л их зүйл сурсан даа. Бие хүн маань тэнд байхдаа илүүтэй төлөвшиж, хүнтэй харилцах соёл, хүлээцтэй байх зан чанар, голтой шийдвэр гаргах арга ухаанаас суралцсан гэж ойлгодог. Тэр үед үлгэр дууриалал болсон дарга нар маань гэвэл дэд хурандаа Цэрэндорж /сүүлд дивизийн техникийн орлогч болсон/, хошууч Доржсүрэн /сүүлд Нийслэлийн цэргийн штабын дарга байсан/ нар байсан. Мэдээж 11 анги байгууллага дамжсан болохоор хамт олон, шавь, удирдаж байсан дарга гээд хамт олны хүрээлэл гээд бишгүй бий. Миний шавь, хамт олны хүрээлэл 18 аймагт лав байгаа байх шүү. Зэвсэгт хүчний ангиудаас эхлээд ЗХЖШ, БХИС, Батлан хамгаалах яам гээд сайхан хамт олонтой азтай хүн дээ, би. Батлан хамгаалах яаманд байхдаа цэрэг стратегийн сургалтын хүрээнд аймгуудын удирдлагууд болоод УИХ-ын гишүүд, сайд нартай ажиллаж байгаад найзалж нөхөрлөсөн хүн ч олон байна. Хэдийгээр нэг удаа уулзсан ч, хэсэг хугацааны дараа эргээд уулзахдаа сайхан сэтгэгдэлтэй угтахад нь сайхан санагддаг юм.

 

 

-Та генерал цолоо гардан авсны дараа "Аав, ээждээ хамгаас их баярлалаа" гэж байсан. Аав, ээжийнхээ тухай хуучлаач?

 

-Миний хоёр эрдэнэ, 70 гарсан сайхан буурлууд бий. Тэтгэвэртээ суугаад 20 гаруй жил болжээ. Миний аав агноромич, ээж маань хүүхдийн их эмч. Дээрээ нэг эгч, доороо гурван дүүтэй жирийн нэгэн сэхээтэн айл. Намайг бага байхад аав, ээж хоёр маань гэрийн бараа харна гэж барагтаа бол байхгүй. Аав аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын дарга болохоор ёстой нөгөө хэнхэглээд хаврын цагт мал төлөлт, зун намартаа хадлан, тариалалт гээд түмэн завгүй. Зундаа аймгийн наадмыг зохион байгуулна, намартаа ургац хураалт гээд гэртээ барагтаа тогтохгүй их ажилтай. Ээж маань ч гэсэн ялгаагүй. Одооны үе шиг хүүхдийн эмч гээд өрөө тасалгаанд сууж байсангүй. Аймгийнхаа хүүхдүүдийг явж үзнэ, дуудлагад явна, жижүүрт гарна гээд л. Тэд завгүй учраас айлын том хүү юм болохоороо дүү нараа өсгөх, хичээл сургуулийг давтуулах гээд хөдөөний хүүхэд ямар байдаг билээ тэр жимээр л өссөн. Ямар сайндаа аав, ээж хоёр маань амралтынхаа өдрөөр шуудай боорцог хийж, бидний өмсөх хувцас угааж, долоо хоног түлэх түлээ бэлдэж өгнө. Тэд өглөө бүр ажилдаа явахаас өмнө бидний хийх ажлын дарааллыг захиа шиг бичээд үлдээнэ. Магадгүй эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг, хийх ажлын дарааллаа гаргадаг нь аав, ээжийн маань энэ захиагаас үүдэлтэй болов уу. Яах вэ, би гэдэг нөхөр дүү нартаа боорцогыг нь хувааж, өнөөх угаасан хувцасыг нь өмсүүлдэг ажилтай. Боорцогыг нь хувааж өгөхгүй бол өнөө хэд чинь шуудайгаар нь дуусгачихна шүү дээ. Хамгийн сайхан нь миний аав амны бэлгээс ашдын бэлэг гэдэг шиг биднийг багад дандаа “Манай генералууд юу хийж байна”гэж дууддаг байж билээ. Айлын гурван дэрсхэн хөвгүүд томоотой байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр биднийг генералууд томоотой байна шүү гэж өхөөрдөх аястай хэлнэ. Аавын минь энэ үг өнөөдөр биелэлээ олж гэж харж байна. Аавын маань байнга хэлдэг өөр нэг захиас бас бий. Үүнийг нь биелүүлэх шатандаа явж байгаа.

 

-Ямар захиас билээ?

 

-Миний хүү эрдмийн мөр хөө. Чамд энэ л зохино гэж хэлдэг юм. Аавынхаа захиасыг биелүүлэхийн тулд өөрийгөө хөгширсөн гэж бодолгүй БХИС-д докторантад сурч байна. Удахгүй төгсөнө. Харин дүү нар маань надаас илүү аавын захиасыг биелүүлчихжээ. Нэг эрэгтэй дүү маань хуулийн сургуулийг дүүргэж өдгөө Эрчим хүчний зохицуулах хорооны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Б.Энх-Амгалан гэж сайхан залуу бий дээ. Өнөөх дэггүй нөхөр нь аавын мэргэжлийг өвлөж агрономич болсон, өдгөө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар ажиллаж байна. Эмэгтэй дүү маань Шведэд харийн бэр болоод явсан. Одоо бараг 24 жил болж байна. Эгч Дархан-Уул аймгийн "Од" цогцолборт багшилж байна.

 

            Энэ жил манай сумын 90 жилийн ой болж байгаа. Хоёр буурлыгаа аваад нутаг явна даа гэж байсан ч ажлын ачааллаас болоод худлаа болох шиг байна. Тэгж байгаад нутгаараа очно оо, очно. Очилгүй яах вэ. Манай нутаг сайхан шүү дээ. Хар ус нуурын хөвөөнд, Жаргалант хайрханы бэлд байдаг сум. Уудам талтай, тэнүүн сайхан нутаг даа.

 

- Аав нь тангараг өргөсөн цэрэг учраас хүүхдүүдээс нь цэргийн хүн лавтай бий биз?

 

- Би гурван охинтой. Охидууд цэргийн алба сонирхох нь бага бололтой юм. Том охин маань багш, дундах нь хуулийн чиглэлээр сурч байна. Бага нь хэнз. Манай гэр бүлийн хүн бид нэг нутгийнх. Эхнэрийнх маань нутгаасаа эрт гарсан болохоор бид нэг нутаг усных гэдгээ мэдээгүй байхдаа танилцаж, гэр бүл болсон. Өнгөрсөн хугацаанд амьдралын төлөө хоёулаа мөн ч их хичээж зүтгэсэн дээ. Харамсалтай нь, сайхан хань минь 2010 онд бурхан болчихсон.

 

-Таныг энэ эрхэм цолыг авахыг нь хүлээж байсан байх даа?

 

-Тэгэлгүй яах вэ. Хоёулаа хорвоог хамтдаа туулсан бол хичнээн сайхан. Миний хань сайн хүн байсаан. Өөлөхийн аргагүй, сайн хүн.

 

-Хоёулаа ярилцлагаа цэргийн салбар руу багахан оруулъя. Та нутгийн зүг жолоо залахын аргагүй ажил ихтэй байна гэлээ. Ямар ажил таны өмнө дараатай байна. Мэдээж цэргийнхний ажил барагдахгүй нь ойлгомжтой?

 

-Тулсан ажил гэвэл БНХАУ-д Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүний бэлтгэл эхэлж байна. Оролцох цэргүүдээ сонгон шалгаруулж дуусчихаад бэлтгэлдээ гарч байгаа нь энэ. Нэг сарын хугацаанд бэлдэх учиртай. Цэрэг эрсийн маань жагсаал улсын нэр хүндтэй холбоотой асуудал учраас маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. Нөгөө нэг тулсан ажил нь ОХУ-тай зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилт. Өнгөрсөн жил манай улсын нутаг дэвсгэрт сургуулилт болсон бол энэ жил ОХУ-ын нутагт ирэх сарын 17-ноос эхэлнэ. Өнгөрсөн жилийн сургуулилтыг Монголын талаас удирдаж ажилласан. Энэ бол асар хариуцлагатай ажил. Хамгийн гол нь байлдааны буудлага хийдэг том сургуулилт. Байлдааны буудлага гэдэг утгаараа сум бүрийн цаана хүний амь эрсдэх аюул байдаг учраас асар болгоомжтой байх ёстой.

 

-Та цэргийн хүн болоогүй байсан бол ямар мэргэжилтэн байсан бол?

 

-Конкурст бэлтгэж байснаараа явсан бол их хэнхэг нягтлан болох байсан биз. Харамч талдаанягтлан байх болов уу. Гэхдээ хүүхдийн мөрөөдөл тогтворгүй байдаг хойно доо. Тэр үед "Газрын жигүүр" гэж монгол кино гарлаа. Говийн хүүхдэд төмөр замчдын тухай кино бол сайхан, сонин санагдах нь аргагүй. Киног үзчихээд хэсэгтээ л вагоны машинист болно гэж мөрөөдсөн дөө.

 

-Таны баримталдаг гол зарчим?

 

-Гол шугамаа алдахгүйгээр хүн чанартай байх юмсан гэж. Аливаа зүйлд зөв шийдвэр гаргаж байвал хамт олон баярладаг. Салаан дарга байхдаа нэг зүйлийг ойлгосон. Энэ нь намайг ирлээ гэхээр цэргүүд маань баярладаг байх ёстой гэж. Түүнээс "Өө, өнөөх чинь ирлээ. Ядаргаа" гэж битгий хандаасай, ийм хандлагыг төрүүлэхийн төлөө хичээх ёстой гэдгийг өөртөө хатуу сануулсан. Даргаа хараад баярлахгүй байна гэдэг бол хамт олноо удирдаж чаддаггүй, зөв шийдвэр гаргаж чаддаггүй хүний шинж. Мэдээж туйлын үнэн гэж байдаггүй учраас аль болох голтой шийдвэрийг гаргаж сурах нь удирдагч хүний эзэмших ёстой чадварын нэг юм.

 

-Таны хамгийн ихээр баярлаж байсан мөч хэзээ вэ. Багш хүний хувьд шавь нараа, даргын хувиар цэргүүдээ сайн явахыг харах нь сайхан биз?

 

- Сайхан байлгүй яах вэ. Хүний баярлахыг харах ч гэсэн сайхан шүү дээ. 1985 онд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан болдог байлаа. Тэр жилдээ цэргийн салбартаа илтгэлээрээ түрүүлчихээд аавынхаа захиасыг биелүүлсэн юм шиг онгирч байж билээ. Оюутныхаа шугамаар Герман явахдаа бас их баярлаж байжээ. Нагац хүргэн, хурандаа Рагчаа ах дээрээ хурандаа цолоо зүүчихээд очихдоо их баярлаж байлаа. Яагаад гэхээр тэр хүн намайг сургуульд ороход хурандаа цолтой. Харин 19 жилийн түүний хэмжээний цолыг зүүчихээд ахтайгаа зэрэгцэж суухдаа их баярласан юмдаг. Мэдээж анхныхаа охиныг төрөхөд баярлана. Шавь нар, цэргүүдээ сайн явахыг хараад баярлана. Хүн өчүүхэн юманд ч баярладаг биз дээ.

 

-Цэрэг, бөх хоёр цолонд ханаж болдоггүй гэх зарчимтай. Генерал цолоо ахиулахын төлөө хичээн ажиллах үүрэг таны өмнө бий?

 

-Михайлд нэг бодол бий гэдэгчлэн надад бодол байлгүй яах вэ. Гэхдээ би өөрийн зорилгоос илүү төр, түмний төлөө, эх орныхоо төлөө хичээж ажиллах учиртай. Хэрэв төр, засаг маань өөрийнхөө зорилгоо биелүүлэхэд энэ хүн тохирно гээд надад боломж олговол би үгүй гэхгүй.

 

-Монгол цэргийн эрин үе эхэлж байна уу гэж дэлхийн эрдэмтэн судлаачид онцлох болж. Монгол цэргийн нэр хүнд олон улсад өсөх болсон сайхан мэдээний цаана тэднийг удирдан чиглүүлэх удирдлагын менежмент бий?

 

-Зөв хандлага, зөв таниулах сурталчлах үйл ажиллагааг хийж чадвал Монгол цэргийн суу алдар энэ дэлхийд мөнхөрнө дөө, мөнхөрнө. Нуугаад яах вэ, би нэг ч удаа гадаадад үүрэг гүйцэтгээгүй. Гэхдээ дэлхийн олон орны цэргийн дарга нараас, иргэдээс сонсч байсан. Юу гэхээр гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс дотор сум тэсрэхээр бусад орны цэргүүд ширээн доогуураа ордог гэнэ. Харин Монгол цэргүүд ухас гээд буу руугаа гүйдэг гэнэ. Энэ хоёрын хооронд генийн маш том орон зай байгаа гэсэн үг. Монголчуудад цаанаасаа дайчин ген нь байна. Үүнийг зөв чиглүүлж, зөв удирдаж чадвал Монголын цэрэг дэлхийд их зүйл дуулгана даа.

 

- Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат генерал, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар болоод таньтай хамт генералын мөрдэс зүүсэн ХХЕГ-ын бригадын генерал Ц.Сайнтөр нар нэг ангийнх гэх юм билээ?

 

-Бид дөрөв академийн нэг курсынх. Манай академийн төгсөлтөөс дөрвөн генерал төрсөн ийм түүх байхгүй. Сайхан шүү дээ, мөр зэрэгцээд ажиллахад. Хэдийгээр найз нөхөд ч гэсэн ажил бол ажил. Бидний дунд ажил хийхэд үл ойлголцол гэж байдаггүй. За, энэ нөхөр намайг яг ингэж хэлэх байхдаа гэхэд л зөрүүлээд хэлнэ дээ. Зангаа авалцсан нэг үеийн улс. Одоо дараа үеийнхэн маань гарч ирж байна. Арга ч үгүй байлгүй дээ. Бид 50 нас гарч байгаа юм чинь залуучууд гаралгүй яах билээ.

 

Д.Болормаа

Shuud.mn
Сонин хачин
baatar:
Bairnii axdaa bayar xurgey. Neeree Bujinov ax xuuxduude bas naizuudiig ni generaluud l gedeg bsan .
2015-07-21
baatarjav:
naiziin mini akh amjilt enkh amgalan ch basl general bolokhoor nukhur bsan sh uu
2015-07-20
Зочин:
mundag hvn shvv
2015-07-20