Хархориндоо ганц эмэгтэй жолооч байлаа
2015-07-28

Өвөрхангай аймгийн Хархорин суманд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Их Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

 

Энэ үеэр салбартаа хийж бүтээсэн зүйлтэй,  тэргүүний тээвэрчдийг Монгол Улсын Засгийн газрын болон салбар, ойн медалиар шагнаж урамшуулсан юм.

 

 

Д.Цэрэндагва, А.Сэрээтэр, н.Цэнджав, Ц.Лхагвасүрэн нарын ахмад тээвэрчид “Онц тээвэрчин” цол тэмдгээр энгээрээ мялаасан бол Авто тээврийн салбар үүсэн байгуулагдсны 90 жилийн ойн медаль, Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны шагнал,  Төрийн хяналтын тэргүүний ажилтан тэмдгээр тээвэрчдийг шагнав. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Батхүү гардуулсан юм.

 

 

Энэ үед “Онц тээвэрчин” шагналыг хүртсэн ахмад тээвэрчин А.Сэрээтэр гуайтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр одон медаль энгэртээ гялалзуулсан олон тээвэрчдийн дундах ганц эмэгтэй жолооч.  

 

 

-Танд баяр хүргэе.

 

-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлсэндээ баяртай байна.

 

-Энэ олон эрэгтэй тээвэрчний дунд ганц эмэгтэй их содон харагдлаа.

 

-Би тухайн үед эмэгтэй жолооч цөөн байсан. Би Хархориндоо ганц эмэгтэй жолооч байсан /инээв/.

 

-Та анх ямар машин жолоодож, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байв.  

 

-Би 20-иод жил тэрэг барьсан. Анх Хархорин сумынхаа Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Хүмүүсийн “гөөхийний шар” гэж нэрлэдэг москвич машин жолоодоод гөөхий зөөдөг байсан. Сүүлд байгууллага маань өөрчлөгдөөд УАЗ-469, Газ-53 машинууд жолоодож байлаа даа. 1982 оноос Газ-53 машин барьсан. Цэцэрлэг, сургууль, дулааны цахилгаан станцад сүү, айраг хүргэдэг байсан.

 

-Ер нь яагаад жолооч болсон юм бэ?

 

-Сонирхолоороо л жолооч болсон. Манай өвгөн жолооч хүн. Би Улаанбаатар хотод очиж Автосургуульд сураад, 20 хэдэн насандаа жолооч болж байсан.

 

-Тэр цаг үед тээвэрчний ажил амаргүй байсан биз. Халширч, шантрах үе гарч байв уу?

 

-Үгүй. Өөрийн сонирхол байсан болохоор огт тийм бодол төрж байгаагүй. Одоогийнх шиг дулаан гарааш байгаагүй. Цасан шуурга, усан бороонд явж л байдаг байлаа.

 

-Машин эвдэрвэл өөрөө л засна биз дээ.

 

-Тэгэлгүй яахав. Тэр үед чинь дугуй нөхөх газар ч байгаагүй шүү дээ. Газ-53 машины хийтэй дугуй ч амаргүй шүү дээ. Тэр олон жил жолоо барихад миний машин дугуй нэг л удаа хагарч байсан. Олондоо тустай үйлд зүтгэж байсан болохоор зам минь саадгүй байсан байдаг байх. Тэргэндээ гамтай гээд дарга маань шинэ машин хүртэл олгож байлаа.

 

-Таны энгэрт алдарт эхийн I, II одон харагдаж байна. Тээвэрчин эмэгтэй бас алдарт ээж юм.  

 

-Би долоон хүүхэдтэй. Жолооч болохдоо гурван хүүхэдтэй байсан.

 

-Тээвэрт ямар газруудаар явдаг байв. 20-иод жил тээвэрт явахдаа хэдэн км зам туулснаа тооцож үзэж байсан уу?

 

-Хойшоо Архангайн Хашаатын наад зах, урагшаа Есөнзүйл сумын наад тал, Хужиртын хойд талд хүрдэг байлаа даа. Ер нь малчид хаана нутаглана тэнд л очно. Замын хотгор, гүдгэрээ хүртэл цээжилчихнэ /инээв/. Харин хэдэн км зам туулснаа тооцож байгаагүй юм байна. Тухайн үедээ явсан замаа тооцуулаад л цалингаа авдаг байсан. Хожим ингэж хэрэг болно гэж мэдсэнгүй шүү.

 

-Та одоо жолоо барьж байна уу?

 

-Үгүй мэргэжлээ сольсон. Эгч нь ногоочин болсон /инээв/.

 

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин