”Хад” клуб ”Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн аварга боллоо
2015-07-28

МХБХ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа. Энэ сарын 21-нд эхэлсэн “Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн тэмцээнд нийтдээ 8 баг өрсөлджээ.

 

Тухайлбал, Арвис, Эрчим, “Хан-Уул” дүүрэг,  “Монголын Тэмүүлэл”, “Туулын Том Тулнууд”  Хад болон хөдөө орон нутгаас оролцсон юм. Мөн Өвөрхангай аймгийн “Титэм Хужирт” Дархан- Уул аймаг гэсэн эдгээр багууд 7 хоногийн турш тасралтгүй тоглолтуудаа хийж амжилттай дуусгажээ.

 

Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү түүхэн тэмцээний ялагч, тоглолтын шилдгүүд, хамгийн анхны шар карт ч мөн түүхэн болж үлдэж байгаа билээ.

 

"Хад" клубын довтлогч

 

Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж, өрсөлдөгчдөө онооны зөрүүтэй буулган авж байсан "Хад" багийн охидууд 7 тойргийн дараачаар  7 хожилтойгоор лигийн аварга багаар тодорсон байна. Тэд эсрэг багийн хаалганд нийтдээ 22 гоолыг оруулж 2 гоол алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоолыг оруулж байгаа гэсэн гайхалтай үзүүлэлтийг гаргаж чаджээ. Мөн багийн хаалгач хамгаалагч гээд байрлал бүр дээр тамирчид өөрсдийн үүргээ тун сайн биелүүлсэн байна.

 

Харин дэд байранд “Монголын Тэмүүлэл” баг  оржээ.

 

“Монголын Тэмүүлэл” баг

МХБХ-оос анх удаагаа Эмэгтэйчүүдийн Үндэсний лигийн тэмцээнийг зохиож байгаад багш дасгалжуулагчид таатай хүлээн авч байгаа юм. 

 

МХБХ тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан эмэгтэй тамирчдыг дэмжиж ажиллах, уралдаан тэмцээнийг олонтаа зохиох болсон энэхүү үйлс нь хөлбөмбөг сонирхогчид төдийгүй мэргэжлийн эрэгтэй тамирчид, багш дасгалжуулагчдын дунд талархууштай үйл явдал болж чадлаа.

 

Энэхүү хөгжлийн бодлогийн хөтөлбөрт багтсаны дагуу МХБХ-ны ерөнхийлөгчийн тушаалаар “Монголын Тэмүүлэл” багийн дасгалжуулагч Ц.Ганболдыг гавьяаны одонгоор шагнасан бөгөөд шагналыг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.

 

“Монголын Тэмүүлэл” багийн дасгалжуулагч Ц.Ганболдыг гавьяаны одонгоор шагналаа

 

Мөн тус үйл ажиллагааны үеэр 2014 оны МХБХ-ны дээд лигийн аварга Хоромхон клубд МХБХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн амжилтыг хүсэж 15 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээнд эх орноо төлөөлөн  оролцох гэж байгаа юм. 

 

 

Манай улстай ойр байх хөрш зэргэлдээ орнууд өндөр амжилтыг үзүүлж байгаа нь бидэнд ямар их боломж бололцоо, амжилтын гарц байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс ч ерөнхийлөгч А.Ганбаатар үүнийг олж харан өөрийн улсад эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохиож шилдэг тамирчдыг олж нээн шигшээ багийг бүрдүүлэх,  цаашлаад дэлхийн тавцанд гаргах гэсэн хөгжлийн бодлого болгож өнөөдөр биелэлээ олж байна. Дотоодын өрсөлдөөн чанартай сайн байх тусам тамирчдын бэлтгэл хангагдаж тив дэлхийд гарах боломж үечлэлийг түргэвчлэх сайн талтай юм. Үндэсний лигээс тодрон гарсан шилдэг тамирчдаар эмэгтэй шигшээ багийг бүрдүүлж ирэх 9-р сараас эхлэн Япон дасгалжуулагчаар удирдуулан ажиллах гэж байна.  

 

"Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг"-ийн мэргэн буучаар эсрэг багийн хаалганд 12 гоолыг оруулж чадсан “Хан-Уул” дүүрэг багийн 13 дугаартай Ө.Ундрах тодорлоо.  Тоглолт бүр дээр гоол оруулж чадсан түүнийг эсрэг багийн хамгаалагч нар зогсооход тун бэрхтэй байлаа. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Болдбаатар гардууллаа. 

 

Шилдэг хагас хамгаалагчаар: “Хад” клубын тамирчин Б.Намуун

 

Шилдэг хамгаалагчаар: Монголын Тэмүүлэл багийн тамирчин Б.Мөнгөнзул

 

Шилдэг хаалгачаар: Эрчим клубын тамирчин Б.Номингэрэл нар анхдугаар лигийн шилдгүүдээр тодорлоо

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин