Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо
2015-08-04

Вексель  бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 07 тоот тогтоолоор Улсын төсөв хөрөнгө оруулалтын хэрэгжсэн боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ бүрэн авч чадаагүй, мөн 2014 оны төсөвт тусгагдсан 80 хувиас дээш гүйцэтгэлтэй хэрэгжсэн боловч үлдэгдэл хөрөнгө нь 2015 онд тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтыг Засгийн газрын өрийн бичиг Вексель гаргах замаар санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

 

Энэ хүрээнд Сангийн яамнаас холбогдох яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас УИХ-ын 2015 оны 07 дугааар тогтоолын хүрээнд хамаарах Векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 2015 оны долоодугаар сарын 07-ны өдрийн 282 дугаар Засгийн газрын тогтоол гарсан юм.

 

Уг тогтоолын дагуу 2015 оны долоодугаар сарын 29-ны өдөр Сангийн яам нийт найман арилжааны банктай Төлбөр баталгаажуулах тухай гэрээ байгуулан 2015 оны долоодугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Вексель бичих ажлыг эхлүүлээд байв.

 

Сангийн яамнаас Вексель бичихдээ дээрх тогтоолд заасан төсөл арга хэмжээний  үлдэгдэл төлбөрийг салбарын яамнаас ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн Сангийн сайдын 2012 оны 290 тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянан, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эрх нээдэг зарчимтай ижил байдлаар хянан баталгаажуулж байна.

 

2015 оны наймдугаар сарын 04 буюу өнөөдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжийн Векселийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм. Гэвч 2015 оны наймдугаар сарын 04 буюу өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2015 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоолы дагуу Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй байх арга хэмжээ авахыгЗасгийн газарт  даалгасан байна.

 

Иймд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон уг ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар Вексель  бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна” гэлээ.

 

Мөн тэрбээр энэхүү Вексель бичих ажил Сангийн яамнаас шалтгаалаагүй гэдгийг онцолсон. Түүнчлэн Вексель бичсэн 81 аж ахуйн нэгжийг Сангийн яам сонгосон юм шиг, Ж.Эрдэнэбат гэдэг хүн дангаараа сонгоод байгаа мэт буруу ойлголт яваад байна. Энэ ажлыг хийхэд ЭМСЯ, БСШУЯ, БХБЯ, ХАХНАЯ зэрэг салбарын яамдаас 80 хувиас дээш ажил гүйцэтгэл хийгдсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт  тавьж, 15 шалгуур үзүүлэлтийг  хангасан тохиолдолд Виксель бичсэн.

 

Эдгээр аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийг нь олгохоор банкуудад байршуулаад байгаа ч УИХ-ын Төсвийн байнгын хорооны Векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгаж, эцсийн дүгнэлт гартал хойшлогдож байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин