ААВ ирж явна
2015-08-08

 

... Энэ хэддээ л дараа болохгүй байвал болоо гэж идэр залуудаа  дэрвэж явсан алдаагаа өөрөө л үүрэх гэнэ....

 

ААВ-д өг

 

Баярын бялуу дутмаар болоход хамгийн багыг аав нь авч байна. “ Аав авчирсан шд ... Томыг нь өг”  гэж бага нь адарч, хүмүүс инээлгэж байна .Үрийнхээ энэ өмөөрөлд инээд цалгиаж аав нь хөөрч байгаа гэж. Ерөнхийлөгчийн гараас Алтангадас авахдаа ч ингэж мишээгүй хүн дээ ААВ нь.

Эгэл хүн л дээ аав гэдэг. Үрийнхээ зулайг үнэрлэхдээ амьдралын жинхэнэ гишүүн болдог эрчүүд бидний аав байх утга нэг. Үгүй дутууг гүйцээх гэж зүтгэж явахаа амьдралын л хэрэг гэнэ.  Үрээ хайрлаж амьдралд хөтлөх нь хүний л жам гэнэ.  

 

ААВ. Дүүрэн хэлэгддэг богинохон үг.

 

Доголон нулимс гаргах төдийд нь дороо бууж өгч  навтгасхийх  Аав  гэдэг охин үрдээ жагсаалын цэрэг. Нулимсаа дотогшоогоо залгина. Ухаарлаа дотогшоогоо хураана. Гадагшаагаа ганцхан уйлчихад гэр нь урсаад явчих юм шиг айна. Аав  хүний тэвчээр хол .

 

ААВ УУЛ

Уул шиг гэдэг аав хүнийг.  Үр ач нь тахих ургийн алтан  овоотой “хүн уул” байхын сайхныг аав хүн л мэдэх юм.

Уул нурж болохгүй. Уул урсаад явчихаж болохгүй. Уул уйлж бол бүр болохгүй. Уул бол уул.  Сүүдэр нар хоёрыг нь тэнцүүлж үрээ эрхлүүлэх аав уулын өндрийг хэн хэмжиж чадах.  

 

ААВ ирж явна.

 

Аав ирж явна. Ээж шиг тортой талх бариагүй байна. Цонхоодоо үе үе хараалж  цэх алхаатай гэртээ ирж явна. Одоо хаалга тогшино. Хүүхэд үүдрүүгээ гүйнэ.

Хаалга онгойно. Тээр дээрээс уул нөмрөөд авах шиг бөхийж ирээд үрээ тэврээд дээр өргөнө. Тэгэхэд хүү тэнгэрт гарсан мэт баярлана. Аав нь тийм өндөр том хүн биш л дээ. Гэхдээ үрээ наранд тултал нь өргөж чаддаг юм.  Аав хүн л ингэж чадна. Нууцыг нь ААВ өөрөө л мэднэ.

 

Пүрэвжавын Баярхүү   

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадын аавуудын баяр. Манайх биш.
2015-08-09