“Атмор” ийм жишиг сум “байгуулжээ”
2015-08-12

 

Засгийн газрын шийдвэрээр хоёр жилийн өмнөөс 16 аймгийн тус бүр нэг сумыг “Жишиг сум” болгох төслийг эхлүүлсэн. Нэг суманд л гэхэд таван тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл юм. Гэвч гүйцэтгэгч компаниас болж зарим сумын иргэд тохилог орчинд битгий хэл тав тухгай амьдрах болжээ. Төсөл Хэнтий аймгийн Биндэр суманд жишиг сум биш жишиг бантан болон “хэрэгжиж” байна.

 

Суурин газар руу хо­шуу­рахгүйгээр сумандаа сай­хан амьдрах нөхцлийг бүр­­дүүлэх “Жишиг сум” төсөл хоёр жилийн өм­нөөс хэрэг­жиж эхэлсэн билээ. Тө­сөв өртөг өндөртэй гэж шүүмжлүүлсэн ч Баян­хонгор, Дорноговь аймагт амжилттай хэ­рэгж­сэн уг төслийг Засгийн газрын хуралдаанаар үр­гэлж­лүү­лэ­хээр шийдвэрлэсэн бай­даг. Анх гурван су­манд хэрэгжсэн төсөл Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дор­нодын Баян-Уул, Дунд­говийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнө­­говийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэ­цагаан, Сэлэнгийн Цагаан­нуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг су­манд үргэлжлэхээр бол­сон юм. Төслийн хү­рээнд сум бүрт таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх төсөвтэй. Төслийг гүйцэтгэгчээр тодорсон компаниудын ажил гүйцэтгэх хугацаа аль хэдийнэ дууссан. Засгийн газрын шийд­вэр­лэснээр 16 сумыг жи­шиг сум болгох бүтээн байгуулалтын ажил нэг жилийн өмнө дуу­сах хугацаатай байв. Гэвч эдгээрээс нэг нь ч жишиг сум боллоо гэж өнөө хэр нь дуулд­сангүй. Харин ч гүй­­цэтгэгчдээс болж цэвэр, бохир усанд хол­богд­чихоод, тохилог зам талбайтай орчинд хотынхноос дутахааргүй амьдрах нь гэсэн сумынхны мөрөөдөл хө­сөр­­дөхөд хүрч эхэлжээ. Үүний нэг жишээ бол Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн “Жишиг сум” төсөл.

 

ЗУРАГ ТӨСӨЛГҮЙ ТӨСӨЛ

 

 

Анхнаасаа буруу тооцоолж хийсэн шугам хоолойг дахин шинээр тавих шаардлагатай болсныг нутгийн удирдлагууд хэлж байна.

 

Биндэр суманд төслийг хэрэгжүүлэгч нь “Атмор” компани юм байна. “Атмор” бол Эрдэнэтийн төвд “Эко” гэх нэртэй чанаргүйн дээр өндөр үнэтэй хорооллын барилгыг эхлүүлсэн эзэд. Одоо ч уг хорооллын ажил дуусаагүй. Тэгвэл тэд зүүн аймагт ч бас нэгэн томоохон бүтээн байгуулалт хийхээр гэрээ байгуулчихаад нутгийнхны нүдийг ширгэтэл хүлээлгэх болжээ. Тус компани Биндэр суманд засмал болон явган хүний зам, цэвэр бохир усны шугам хоолой татах, уурын зуух, цэцэрлэгт хүрээлэн барих зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Гэрээ ёсоор 2014 оны тавдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 20-н хүртэл хийж гүйцэтгэх хугацаатайг Хэнтий аймгийн цахим хуудаст мэдээлжээ. Сумын удирдлагуудын өгсөн мэдээллээр компанийнхан ямар нэг зураг төсөлгүйгээр ажлаа эхлүүлсэн байжээ. Энэ талаар сумын Засаг дарга Н.Алтангэрэл бидэнд ярихдаа “Атмор компанийн зураг төсөл анхнаасаа тодорхойгүй байсан. Тавдугаар сард ажлаа эхлүүлэх ёстой байсан ч таг чиг болчихсон. Бид “Зуны гурван сар дууслаа. Ажлаа эхлүүл” гэж удаа дараа шаардаж сануулсан. Гэвч “Зураг төслөө боловсруулж байна. Удахгүй эхэлнээ” гэдэг. Ийм байдлаар есдүгээр сар болоход бас л энэ тайлбараа хэлж байсан. Тэд өөрсдөө юм хийдэггүй. Гадна, дотны туслан гүйцэтгэгч компани оруулчихсан байгаа” хэмээн ярьсан юм.

 

Ямар ч бүтээн байгуулалтын ажилд зураг төсөл нь урьдаас тодорхой болчихсон байх ёстой. “Атмор” компанийн хувьд эсрэгээрээ ажээ. Одоо ч тэд зураг төслийн талаар суманханд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.                             

 

ЭВДЭРСЭН ЗАМТАЙ, ГЭРЭЛТҮҮЛЭГГҮЙ СУМ

 

 

Засмал болон явган хүн зам жил хүрэхгүйн хугацаанд эвдэрчээ.

 

Ямартаа ч сумынх­ны удаа, дараагийн шаар­далтаар компа­нийнхан есдүгээр сараас ажилдаа оржээ. Тэд хоёр км орчим засмал зам, явган хүний замыг өвлийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн тавьчихаад явжээ. 2015 он аль хэдийнэ гарч бүтээн байгуулалтын улирал шувтарч байгаа энэ үед компанийнхан Биндэр суманд нүүрээ ч харуулаагүй байна.

 

“Жишиг сум” төслийн хувьд зөвхөн зам тавиад зогсохгүй сумыг цэвэр, бохирын шугамд холбож дэд бүтэц бий болгох ёстой байсан. Ингэснээр хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна. Сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэх нь энэ төслийн ач холбогдол нь. “Атмор” компанийн ажлын дүнд ийм нөхцөл бүрдэх нь битгий хэл, амар тайван амьдрахад хүндрэл учруулах болжээ. Бохирын шугамаа тавьсан ч цэвэрлэх байгууламжаа бариагүй төдийгүй энд тэнд том нүх ухчихаад яваад өгсөн байна. Түүнд нь хүн, мал өрчих гээд хүндхэн нөхцөлтэй байгааг сумын Засаг дарга учирлаж байлаа. Түүнээс гадна газар шорооны ажил нэрээр хорооллын 40 гаруй гэрэлтүүлгийг буулгаж, ногоон байгууламжуудыг устгасан гэнэ. Гэрээний дагуу уурын зуухны барилга, гудамж, цэцэрлэгт хүрээлэн барих ёстой ч барилгын ажлыг эхлүүлээд орхижээ. Шинээр тавьсан засмал зам, шугам хоолой нь эхнээсээ эвдэрч, цөмрөн мэргэжлийн бус гүйцэтгэлтэй байсныг харуулсан гэдгийг холбог­дох хүмүүс хэлж байна.

 

Бүтээн байгуулалтын биш бантан болсон эл ажилд зөвхөн сумын удирдлагууд гэлтгүй иргэд бухимдах болжээ. Мэдээж тэд жишиг сумтай биш эвдэрсэн замтай, энд тэндээ траншейны нүхтэй, гэрэлтүүлэг ч үгүй, ногоон байгууламж ч үгүй хоцорсон учраас тэр.

 

50 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ 80 ГЭЖ БУРУУ МЭДҮҮЛЖЭЭ

 

Гэвч гүйцэтгэгч компани санхүүжилтийн 4 тэрбум төгрөгөө авчихжээ. Бодит ажил нь гацчихаад байхад ажлаа 80 хувьд хүргэсэн хэмээн санхүүжилтээ авчээ. Сумын удирдлагууд уг байдлыг шалгуулахаар аймгийн Аудитын газарт хандаж үнэлгээ гаргуулахад гүйцэтгэл 50 хувьтай болох нь тогтоогджээ. Тэд энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт хандсан ч үр дүнд хүрээгүй гэдгийг Засаг дарга Н.Алтангэрэл ярьж байна. Түүний ярьснаар холбогдох бүхий л газарт хандаж үзсэн гэнэ. Өнгөрсөн жилийн чанаргүй ажлаасаа хойш сураг алдарсан “Атмор”-той холбогдохоор үзээд дийлээгүйгээс Улаан­баатар хот дахь нутгийн зөвлөлөөрөө дамжуулан холбогдохыг хүссэн ч бас л үр дүнд хүрээгүй байна. Тиймээс шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна гэдгээ тэрээр тайлбарлаж байлаа.

 

“Атмор” компани зөвхөн Хэнтий аймгийн Биндэр суманд “Жишиг сум” төслийн гүйцэтгэж байгаа юм биш. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Баян-Уул зэрэг хэд хэдэн сумыг тохижуулах гэрээ хийсэн юмсанж. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр “Атмор” компанийн хариуцсан бусад сумын ажил ч удаашралтай байгаа ажээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
KKKKKKKKKKKK:
BALIAR LUIVARCHID GEJ ENE DEEEEEEEEEEEEEEEEEEEE
2015-08-12
Зочин:
jonhuu battulga bayanhongort 17 terbumaar heden modon ambaar barisan, terniig bugd duuriaj iimerhuu luivar hiij bgaa yum
2015-08-12
altan shar:
Энэ компани чинь Дорнод аймгийн Баян-Уул суманд бас ингээд жишиг гээд бас холиосон шүү дээ 4.1 тэрбум салхинд хийсээд бүтээсэн юмгүй байгаа шүү
2015-08-12
Зочин:
TERTEE TERGUI HUNGUIDEED AJILLAH HUCHGUI BOLOOD ZAH ZEELGUI BOLOOD TSUS NI OIRTOOD SONOJ MOHOJ BAIGAA SUMUUDAD TER IH HORONGO TSATSANA GEDEG MASH BURUU ELSEN DEER US ASGAHTAI ADIL YAMR UR ASHIGGUI HOOSON ZARLAGA HARIN AIMGIIN TOVUUDEEHORONGO ORUULJ HOGJUULEH HEREGTEI
2015-08-12