Харрисон Форд: Дахин онгоц жолоодохоос айж байна
2015-08-17

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд энэ амралтын өдөр Америкийн “NBS” телевизийн “Өглөөний мэнд” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Өнгөрсөн гуравдугаар сард холливууд болон сая сая үзэгч хайртай жүжигчнээсээ салах дөхсөн. Ослын мэдээ гарсны дараа олон хүн айдаст автсан. Таны биеийн байдал зүгээр үү?

 

-Тиймээ зүгээр. Хэрвээ бие минь өвдөж байсан бол шоу, нэвтрүүлэгт оролцохгүй, гэртээ байхыг илүүд үзэх байсан. Бие минь эрүүл байна. Миний төлөө санаа тавьсан бүх хүнд баярлалаа.

 

-Та нэг хөдөлгүүрт онгоц жолоодож байхдаа осолдсон. Онгоц жолоодлогоо алдаж, доошоо унах үед ямар байв?

 

-Мэдээж аймар байсан. Ингээд л үхлээ гэж үү. Азгүй юм аа. Зураг авалтаа дуусгаж чадсангүй. Гэр бүлдээ хайртай гэдгээ хэлж чадсангүй гэх мэт.

 

-Ийм олон зүйл бодсон гэж үү?

 

-Худлаа, худлаа. Онгоцны жолоодлого гэнэт л ажиллахаа больчихсон. Доошоо  хартал газар их хол байсан. Бурханаас амь гуйсан. Дахин ганц жил амьдруулаад өгөөч. Гуйж байна. Миний амийг битгий аваач. Хөгширсөн ч гэсэн үхэхээс айж байна. Ямар ч хүн үхлийн өмнө өвдөг сөгддөг. Би үнэхээр айсан. Дахин онгоц жолоодохоос айж байна. Би нисэх их дуртай. Хүмүүсийг дээрээс хараад л гүн бодолд автах дуртай. Даанч дахин жолооны ард суух итгэл алга.

 

-Гэхдээ та азаар хүнд гэмтэл аваагүй?

 

-Ослын газар эмнэлгийнхэн ирэх үед хавирга минь их өвдөж, амьсгалж чадахгүй байсан. Би хавирга хугарлаа л гэж бодсон. Азаар ямар ч яс минь хугарч гэмтээгүй, бүрэн бүтэн байсан. Хэрвээ ямар нэгэн яс минь хугарсан бол 70 настай өвгөн үхэх нь тодорхой шүү дээ. Би өмнөх шигээ цог жавхлантай байхаа больжээ. Их хурдан ядардаг болж. Тархи, бие хоёр минь бүхэл бүтэн 20 насны зөрүүтэй. Тархи залуухан ч бие чинь хэтэрхий хөгширчээ. Үрчлээ энэ тэрийг бол яриад ч хэрэггүй. Хөгширч буй өөрийгөө хараад гутрах юм.

 

-Та залуу сайхан насандаа хангалттай олон кинонд тоглож, гоо үзэсгэлэнтэй хүүхнүүдтэй уулзаж, байгалийн сайхан газруудаар аяласан бус уу. Залуу насаа үр бүтээлгүй өнгөрүүлсэн хүмүүс зөндөө бий. Миний бодлоор та азтай нэгэн. Олон хүн танд атаархдаг байх?

 

-Баярлалаа. Их сайхан үгс байна. Гэхдээ би үнэнч эр хүн шүү. Эхнэртээ үнэнч. /инээв/ Тиймээ, таны ярьсныг сонссон чинь сэтгэлээр унахаа болилоо. Эмэгтэйлэг ааш гаргасандаа үзэгчдээсээ уучлалт гуйя. Урлагийн хүн хөгшрөхөөс их айдаг. Би ч  бас айдаг. Учир нь хөгширвөл тоглохыг хүссэн дүрдээ тоглож чадахгүй болно. Энэ цаг үед залууст л боломж олдож, хуучны бидэнд боломж олдохоо болиод байна.

 

-Та гоо сайхнаасаа мөнгө харамладаггүй гэсэн үг үү?

 

-Олон гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Аль нь сайн, аль нь муу гэдгийг мэддэггүй учир худалдан авдаггүй.

 

-Сүүлийн үеийн сонин сайхан. Ямар ажил амжуулж байна?

 

-Хүн бүхэн мэдэж байгаа байх. Олон сая үзэгчтэй “Оддын дайн 7” кинонд тоглож байна. Зураг авалт бараг дууссан. Ихэнх жүжигчин өөрсдийнхөө хэсэгт тоглоод, киноныхоо нээлтийг хүлээж байгаа. Би ч гэсэн зураг авалтуудаа дуусгаад, киноныхоо сурталчилгааны ажлаар зарим мужид аялж байна. Киноны эхний богино хэмжээний трейлер цацагдсан. Миний бодлоор их сайхан кино болсон.

 

 

-“Оддын дайн 7” энэ ондоо багтаж нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч та осолд орсон. Гол дүрийн жүжигчин гэмтснээс болж, нээлт хойшилсон гэх яриа гарсан. Энэ үнэн үү?

 

-Тиймээ. Гэхдээ 100 хувь миний буруу биш. Бүх л хүчин зүйлээс болсон.

 

-Энэхүү уран бүтээл хийсвэр, уран төсөөллийн кино?

 

-Иймэрхий төрлийн кинонд тоглох бэрх байдаг. Бас залуу уран бүтээлчдийг их хурдан чадваржуулдаг. Ер нь зураг авалтын талбай залуусыг их хурдан чадвартай болгодог.

 

-Ихэнх алдартан өөрийн залгамжлагчаа бэлдэж байна. Сурсан мэдснээ хуваалцаад л. Холливуудад оруулахаар бэлдэж буй нууц хөзөр байна уу?

 

-Үгүй ээ. Би багш биш учир залгамжлагч энэ тэрээ бэлдэхийг хүсэхгүй байна. Би бол уран бүтээлч. Ямар нэгэн агентлагийг тэргүүлдэг байсан бол залгамжлагчаа бэлдэж болох л юм. Ер нь биднээс сурах зүйл байхгүй. Залуус залуусаа чадваржуулах хэрэгтэй. Хуучны арга барил одоо үетэй харшилна.

 

-Та дотны найз, жүжигчин Робин Уильямсыг алдаад их шаналсан гэсэн. Одоо хүртэл түүнийг мартаж чадаагүй л байна уу?

 

-Бурхан минь Робин, энэ залуу үнэхээр агуу хүн. Харамсалтай нь, хэтэрхий залуудаа амиа алсдан ч түүний бүтээсэн дүр гайхалтай. Найзыгаа мартахад хангалттай хугацаа шаардлагатай байх. Гэхдээ би найзыгаа мартахыг хүсэхгүй байна. Учир нь бидний нөхөрлөсөн цаг хугацааг тийм ч амархан мартаж боломжгүй. Бидний нөхөрлөлийг гайхалтай байсан эсэхийг өнгөрсөн цаг хугацаа л батлах байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин