Сургалтын төлбөрийг 10-15 хувиар нэмэхэд л хангалттай
2015-08-17

Гэрэл зургуудыг МPA.MN

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их дээд сургуулиудын төлбөр 25-45 хувиар нэмэгджээ. Өнөөдөр Оюутны талбайд МОХ болон оюутнуудын төлөөлөл сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэж тайван цуглаан хийлээ.

 

МОХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө ийм байдлаар нэмэхээр шийдсэн нь буруу гэж үзэж байна. Энэ утгагүй нэмэгдэл юунд зарцуулагдаж байгааг тайлагна гэдэг асуулгыг бидний зүгээс сургуулийн удирдлагуудад тавьсан. Төлбөрийг ингэж нэмээд нэг ч номын сан бариагүй, өөрийгөө өмөөрч байгаа яам, сургуулийн удирдлагууд ичих ёстой. БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр зурагтын нэвтрүүлгээр мөнгөгүй нь битгий сур гэж ярьсан. Ингэж болохгүй биз дээ. Энэ жил оюутны сургалтын төлбөрийг 10-15 хувиар нэмэхэд л хангалттай. 2 сая төгрөгийн төлбөр төлж байсан оюутан 2.2 саяыг төлнө гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жил 2 саяыг төлсөн оюутан энэ жил 4 саяыг төлөх болчихоод байна. Сүүлд гаргасан статистикийн мэдээллээр Монгол Улсын иргэдийн 6 хувь нь сард 2 саяас дээш орлоготой гэж гарсан байсан” гэж ярьсан.

 

Өнгөрсөн жил МУИС сургалтын төлбөрөө 40-50 хувиар нэмэх тогтоол гарчихсан байсныг МОХ, оюутнууд нэгдэн эсэргүүцэж 15 хувиар нэмэх шийдвэрт хүрч байсныг ч мөн хэлэв.

 

Мөн энэ жил их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр 50-230 мянган төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн МУИС суурь хураамж нэртэй, юунд зарцуулагддаг, ямар учиртай нь мэдэгдэхгүй 220 мянган төгрөгийг оюутнуудаас хураадаг байна. Хэдэн малаа банкы барьцаанд тавиад, хүүхдээ сургахаар явуулж буй малчдынхаа болон цалингаас, цалингийн хооронд амьдарч байгаа ард иргэдийнхээ амьдралыг бодож сургалтын төлбөрөө нэмэх хэрэгтэйг тэд онцолж байсан. Харин хувийн сургуулиудын төлбөр хэтэрхий өндөр хувиар нэмэгдээгүй, зарим нь төлбөрийн хэмжээгээ бууруулсан нь ч бий гэнэ.

 

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа ба МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, их, дээд сургуулийн удирдлагуудад шаардах бичиг явуулжээ. Хариуг нь энэ сарын 19-ний өдөр өгөх ёстой юм байна. Түүнчлэн төлбөрийг нэмэгдлийг эсэргүүцсэн оюутнуудын гарын үсгийг цуглуулж байгаа аж.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин