50 хүүхэд осолд өртжээ
2015-08-17

Хүүхэд замд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байна. Зөвхөн энэ сард гэхэд хүүхэд өртсөн осол 50 гарсны 27 нь сургуулийн өмнөх насны, 23 нь сургуулийн насны хүүхэд байжээ. Тэдний 21 нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осолд өртсөн бол 29 нь явган зорчигч хүүхдүүд байна.

 

Өнгөрөгч амралтын өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд найман настай эмэгтэй хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг гарлаа. Hyundai Porter автомашины жолооч “Г” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож онхолдсоноос уг осол гарчээ.

 

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд нь явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигчийн өөрсдийн буруугаас зам тээврийн осолд өртөх нь их байгаа. Тэдний дотор 8-14 насны эрэгтэй хүүхдүүд давамгайлж байгаа ба эцэг эхийн хараа хяналт муу байгаатай холбоотойгоор зам тээврийн осолд өртөж байгаа тоо баримт гарч буйг ЗЦГ-ын мэргэжилтэн онцоллоо. 

 

Иймд хүн бүр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүх, хүүхдэд хамгаалалтын суудал, хамгаалах бүс, зориулалтын суудлын бүс тохируулагчийг хэрэглэж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлгөөнд оролцогчдын чухал үүрэг болоод байна.

 

Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эцэг, эх асран хамгаалагчийн үүргийг ч тусгаж өгсөн. Тус хуулийн 54 дүгээр зүйл.

54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Shuud.mn
Сонин хачин