Бангкок: 21 хүн амиа алджээ
2015-08-18

 

Тайландын нийслэл Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагт хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн гэж мэдээлсэн ч тус улсын Цагдаагийн газрын дарга Сомёот Пүүмпуммуан “Амиа алдсан хүний тоо 21-д хүрсэн” гэж мэдэгджээ. Мөн 10 гаруй хүний биеийн байдал муу байгаа аж. Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын дөрвөн иргэн байгаа гэнэ.

 

Хятадын “Синьхуа” агентлаг “Амиа алдсан дөрвөн жуулчны хоёр нь Хятад, Филиппинийн иргэн. Хонконгийн таван иргэн гэмтсэн” гэж мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Дэлбэрэлт болсон бунхны ойролцоо хөл хорио тогтоосон бөгөөд халдлага зохион байгуулсан гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж, утасны дуудлага болон интернэт орчинд мөрдлөг явуулж эхэлжээ.

 

Тайландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча дэлбэрэлт болсон бүс нутгийг “Дайны бүс” гэж мэдэгдэж, өнөөдөр бунханд очихоор болжээ. Тэрбээр албан ёсоор хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээгүй ч твиттертээ “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин