Буянт-Ухаа, Яармаг орчмын бохирын асуудлыг шийднэ
2015-08-18

Нийслэлчүүдийн шүдний өвчин болсон төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулахаар БХБЯ-наас “Дэд бүтэц” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлээд байна.

 

20000м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай,  Герман улсын технологиор хийж буй тус цэвэрлэх байгууламжийн  гүйцэтгэгчээр Турк улсын “НNC” ХХК ажиллаж байгаа аж.

 

Тус байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын баруун өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид хүргэнэ.

 

Уг байгууламж нь сараалжийн барилга, элс тос баригч, физик цэвэрлэгээний анхдагч тунгаагуур, биологийн цэвэрлэгээ хийх анаэроб сан, бичил биетээр идүүлэн ариутгах аэротенк хэсэг, хоёрдогч тунгаагуур, шүүлтүүр, халдваргүйжүүлэх төхөөрөмж, лаг боловсруулах байгууламжуудаас бүрдэх юм байна.

 

Цэвэрлэх байгууламжийн технологи ажиллагаа нь механик цэвэрлэгээнээс гарч байгаа түүхий лагийг бүрэн боловсруулснаар усны цэвэршилт 95-аас дээш хувьтай гүн цэвэрлэгээгээр цэвэршүүлж гаргах аж.

 

Механик цэвэрлэгээнээс гарч байгаа түүхий лаг, биологи цэвэрлэгээнээс гарсан илүүдэл лагийг боловсруулж, метан хийг цахилгаан энерги болгон байгууламжийн цахилгаан болон дулаанаар хангахаар төлөвлөсөн.

 

Усыг шүүлтүүрээр цэвэрлэж орчин үеийн ашиглахад хялбар хуванцар дискэн шүүлтүүр бүхий шүүлтүүрт цэвэрлэж усыг халдваргүйжүүлэхийн тулд задгай сувагт байрлуулан хэт ягаан туяаны төхөөрөмжийг ашиглахаар зураг төсөвт тусгасан байна. Ингэснээр ус нь техникийн хэрэгцээнд болон байгальд шууд нийлүүлэх боломжтой болох гэнэ.

 

Дашрамд дуулгахад, энэхүү байгууламж нь Монгол улсад анх удаа ашиглагдах олон улсын стандартын шаардлагад нийцсэн орчин үеийн технологиор баригдах бөгөөд хийцийн хувьд хамгийн ашигтай, угсралт ашиглалтын зардал багатай, энгийн технологийн шийдэлтэй байх аж.

 

Мөн бүрэн автоматжсан, компьютержсан, телемеханикжсан, байгаль, цаг агаар, гидравликийн ямарч горимд тохируулан ашиглах боломжтой, экологийн өндөр шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай, цэвэрлэгээний үр дүн өндөртөй лаг тундасыг механик аргаар боловсруулах нөхцлийг бүрдүүлж байгаа ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин