Дорноговьд түүхэн ялалтын ойг тэмдэглэж байна
2015-08-21

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Энэ өдөр бидний ялалтын өдөр. Өнөөдрөөс 70 жилийн өмнө Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулаан хийсэн цэргүүд Чөлөөлөлх дайнд ялалт байгуулж байжээ. Ийнхүү Дэлхийн II дайн төгсгөл болсон юм. Монгол Улс Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад энэ ялалт томоохон түлхэц болсон гэдгийг түүхч, судлаачид онцолдог.

 

 

Тэгвэл Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа энэ цаг мөчид Дорноговь аймагт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

 

БНМАУ Чөлөөлөх дайнд орох үед зөвхөн нутгийн залуусаас бүрдсэн 507 хүнтэй морьт отрядын бүрэлдэхүүнийг мордуулж байсан түүхтэй Дорноговь аймгийн төв Сайншанд хотод Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

 

Энэхүү үйл ажиллагаанд БХ-ийн сайд, түүхт ялалтын ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагч Ц.Цолмон, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсаан чиг үүрэг бүхийн байгууллагууд, Чөлөөлөх дайнд оролцож, эх орноо хамгаалах баатарлаг үйлст хүчин зүтгэж асан ахмад дайчид, тэдгээрийн үр хүүхдүүд оролцож байгаа юм.

 

Түүхэн ялалтын ойн үйл ажиллагаа Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ёслолын жагсаалаар эхэлж, ахмад дайчид болон албаны хүмүүс Хуягт танкийн бригадын хөшөө, Зургаан баатрын хөшөө БНМАУ-ын баатар Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ажиллагаагаар үргэлжлэв. Мөн аймгийн музейд “Бид ялав” үзэсгэлэнг нээсэн бол одоо баярын цуглаан хүндэтгэлийн концерт болж байна.

 

 

1945 оны дайны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлж буй нь түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн БХ-ийн сайд Ц.Цолмон ярилаа.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
bayn:
Бид өвөг дээдсээрээ бахархах естой .Өвөг дээдсийн минь гал голомт үүрд мандан бадрах болтугай
2015-08-21