ХӨСҮТ-д в, с вирусын шинжилгээг 5000 төгрөгөөр өгдөг
2015-08-27

Их хот хүрээгээ тэлж буй энэ үед эмнэлэгт үзүүлэгсдийн тоо ч бас өдрөөс өдөрт өссөөр байна. Саяхан “Дэлхийн гепатитын өдөр”-өөр  Элэгний төвийнхөн иргэдээс элэгний вирусын шинжилгээг үнэ төлбөргүй авсан. Мөн элэгний цирроз болон В, С вирустэй иргэдэд зөвөлгөө өгсөн. Харин энэ шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахаар хот, хөдөөгийн олон хүн уртаас урт дараалал үүсгэж өдрийг авсан. Хамгийн гол нь Хөвсгөл, Говь-Алтай зэрэг холын аймгуудаас зорьж ирсэн хүн цөөнгүй байв.

 

 

Тиймээс энэ удаа бид элэгний В, С вирусын шинжилгээнд иргэд хаана, хэрхэн хамрагдаж болох, мөн АНУ-аас оруулж ирэх элэгний шинэ эмийг хэзээ, хаанаас худалдан авч болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр ХӨСҮТ- ийг зорьсон юм.

 

“R-13” ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ БОЛ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ТӨЛБӨРГҮЙ

 

Биднийг 09:00 цагийн үед тус эмнэлэгт очиход Хүлээлгийн танхим нь хүн ихтэй угтав. Энд сайн дураараа шинжилгээ өгөхөөр ирсэн хүн цөөнгүй байв. Ихэвчлэн залуучууд, дунд насныхан дугаарлан зогсчээ. ХӨСҮТ-д шинжилгээ өгөх бол өглөө 08:30 ирдэг юм байна. Шинжилгээ өгөх хүмүүстэй ярилцвал, зарим хүн өмнө нь хувийн эмнэлэгт энэ төрлийн шинжилгээг хийлгэж байсан. Дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу хоорондоо таарахгүй байсан. Тэгээд энд ирсэн гэж байв. Харин зарим нь “Хүн болгон элэгний шинжилгээ, элэгний шинэ эмийн сураг сонсогдсон уу гээд байхаар үзүүлье гэж бодоод ирсэн. Вирустэй эсэхээ ч мэдэхгүй байна” гэв.

 

ХӨСҮТ-д үзүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон хот, хөдөө гэлтгүй харъяа өрх, дүүргийн эмнэлгээсээ эрүүл мэндийн картан дээрээ “R-13” тэмдэглэгээг хийлгэж ирдэг юм байна. Энэ тохиолдолд та эмчийн үзлэг болон эхо, цус, шээсний шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Харин элэгний В, С вирусын шинжилгээг тус тусад нь 5000 төгрөгөөр хийлгэдэг юм байна. Эмчид үзүүлэх бол ХӨСҮТ-ийн амбулатори дээр ирж цахимаар цаг аван үйлчлүүлнэ. Шинжилгээ өгөхдөө ямар нэг дараалалд зогсох шаардлагагүй. Эмчийнхээ бичгийг авч очоод, даваагаас баасан гаригт 8:30-16:00 цагийн хооронд мөн бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд хийлгэж болох юм байна. Даатгалын дэвтэргүй эсвэл дүүргээс тэмдэглэгээ хийлгээгүй тохиолдолд бүх шинжилгээ үнэ төлбөртэй. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ 6500, цөсний үйл ажиллагааны холестерин 2500, шүлтлэг фосфатаз 3000 төгрөгийн үнэтэй юм байна. Харин хэвтэн эмчлүүлэх тохиолдолд заавал эмчийн үзлэгээр орсон байх шаардлагатай бөгөөд орны 41мянган төгрөг төлдөг юм байна. Ингээд цааш тус эмнэлгийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитийн VI тасгийн эрхлэгч Ж.Ариунбилэг эмчтэй уулзав.

 

МАНАЙ УЛСАД ХАМГИЙН ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ НЬ A, В, C ВИРУС

 

Элэгний хавдраараа манай улс Азид нэгдүгээрт ордог. Дэлхийн дундажтай харьцуулахад манай орны өвчлөл долоо дахин их байгаа бөгөөд 100 мянган хүн ам тутмын 70 хүн нь элэгний өвчлөлөөр нас барж байна гэсэн тоон мэдээллийг сонссоор өнөөдрийг хүрсэн.  Тиймээс Ж.Ариунбилэг эмчээс дараах мэдээллийг авсан юм.

 

Элгийг гэмтээдэг есөн төрлийн вирус байдгаас манай улсад хамгийн элбэг тохиолддог нь A, В, C вирус гэнэ. Сүүлийн жилүүдэд Е, D гепатит мөн тохиолдож байгаа аж. А, Е гепатит нь архагшдаггүй. B, C, D вирус нь элэгний архаг үрэвсэл улмаар элэгний хатуурал, хавдарт хүргэдэг байна. Вируст гепатит нь цочмог ба архаг гэсэн үндсэн хоёр үе шатаар явдаг. Халдвар авснаас хойшхи зургаан сарын дараа өвчний цочмог үе эхэлдэг. Элэгний үйл ажиллагаа хэвийн болохгүй, вирус биеэс арилахгүй зургаан сараас дээш хугацаа өнгөрвөл архаг хэлбэрт шилжлээ гэж үздэг байна. Заримдаа өвчин цочмог үедээ шинж тэмдэггүй шахам явагддаг тул хүмүүс халдвар авснаа мэдэхгүй өнгөрөх нь олонтаа байдаг гэдгийг тасгийн эрхлэгч эмч онцолж байв. Харин архаг хэлбэрт шилжсэн үед амархан ядрах, сульдах, хоолны дуршил өөрчлөгдөх, гэдэс цанхайх, хэвлий дүүрэх, хамраас цус гарах зэрэг шинж илэрдэг байна. Ийм үед дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр эмчид хандаж, вирусын маркерийн болон элэгний үйл ажиллагааны шинжилгээ өгч хэвлийн хөндийн хэт авиан оношлогоог хийлгэх зайлшгүй шаардлагатай аж. Мөн оношоо эрт тодруулснаар элгээ хамгаалах, шаардлагатай эмийн эмчилгээ хийлгэснээр өвчнөө хүндрэхээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн ойр дотны хүмүүсээ вирусын халдвараас хамгаалах боломжийг бүрдүүлдэг байна. ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог хепатитийн VI тасаг өнөөдөр ч бас хүн ихтэй байгаа аж.

 

Элэгний шинэ эмийг “Календула” эмийн сангаар борлуулж байна

 

Элэгний өвчлөл, тэр дундаа элэгний хавдрын өвчлөл, В, С вирусын халдварын тархалт өндөр байгаа учир манай улс Дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй элэгний эмийг Монголд оруулж ирэхээр болсон. Энэ талаарх мэдээллийг бас ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитийн VI тасгийн эрхлэгч Ж.Ариунбилэгээс тодруулсан юм.

 

-Элэгний С вирусын  халдвартай  хүмүүс шинэ эм орж ирэх сургаар шинжилгээ хийлгэж байна. Энэ хүмүүс аль эмнэлэгт хандаж эмчлүүлэх вэ?

 

-Юуны түрүүнд өөрийн харьяа аймаг, дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс хепатитийн С вируст халдварын талаар мэдээлэл, зөвлөгөөг авч болно. Хэрвээ та өмнө хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирусын  халдвартай гэж тогтоогдож байсан, эсвэл та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хандаарай. Одоогоор эдгээр эмнэлгийн дотор, халдвартын эмчийг “Хепатитийн С вируст халдварын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар”-ыг танилцуулах сургалтад хамруулсан байгаа. Төрийн өмчит эмнэлэгт эмчийн үзлэг, зөвлөгөө төлбөргүй, харин лабораторийн зарим өндөр өртөгтэй шинжилгээ төлбөртэй байдгийг анхаараарай.

 

-Хувийн эмнэлэгт хийлгэсэн шинжилгээг хүлээн зөвшөөрч байгаа юу?

 

-Хэрвээ та өөрөө хүсвэл хувийн эмнэлэгт хандаж болно. “Хепатитийн С вируст халдварын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар”-ыг танилцуулах сургалтад хувийн эмнэлгийн эмч нар ч гэсэн хамрагдаад байгаа.  

 

-АНУ-аас орж ирэх элэгний шинэ эмийг эмч болон эмнэлгээр дамжуулан худалдаалахгүй гэж байна. Тэгвэл эдгээр эмийг хэзээ, хаанаас худалдаж авах вэ?

 

-АНУ-ын Гилеад Сайнс компанийн албан ёсны борлуулагч “Омбол” ХХК эм хангах нийлүүлэх байгууллага нь Совалди, Харвони эмийг өөрийн эмийн сангуудаар болон улсын эмнэлгүүдийн эмийн сангуудаар дамжуулан олгохоор төлөвлөж байгаа. Мөн  сургалтанд сууж гэрчилгээ авсан төрийн өмчит болон хувийн эмнэлгийн эмч нарын бичсэн цахим жорын дагуу эмийг олгоно. Эдгээр эмүүд нь “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн зах зээл дахь үнээс маш хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэж байгаа тул эм олголт, тараалт, нийлүүлэлт нь тусгай горимын дагуу явагдах юм.

 

Совалди шахмал эмийг зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, худалдааны гудамж, Монфа төвийн гурван давхарт байрлах “Омбол” ХХК-ийн “Календула” эмийн сангаар борлуулж байна.  Харин Харвони шахмал эм нь Монгол Улсад ирэх аравдугаар сарын төгсгөлд нийлүүлэгдэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

 

Энэ талаарх мэдээллийг тус компанийн 11-316428, 99090732, 99817738 утсаар лавлаж болно. Харин элэгний С вируст халдварын эмчилгээ, оношлогооны талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 454921, 99150594 дугаарын утсаар асууж болно.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ 2015 оны мэдээ байна. Одоо чинь 2017 он.
2017-02-21
Баяраа:
Шинжилгээ 40000 байна. 5000 биш. Ямар учиртай юм бэ?
2017-01-16
Зочин:
Энэ 2015 оны мэдээ байна. Одоо чинь 2017 он.
ganaa:
r13 yu yum be
2016-02-28
zochin:
hudlaa bitgii yariach. 45000 togrogoor hiine geed cash-niih ni medeeleld bichsen bgaa biz dee saihan zalah uymaa
2015-08-27
hulan:
UB dah buh l lab-uud iim l uneer virus uzej baigaa sh de, bitgii hudlaa reklaamd!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-08-27