Нажиб Разак огцрохгүй гэв
2015-08-31

Малайзын нийслэл Куала Лампур хотноо олон мянган иргэн Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж, гурав дахь өдрөө жагсч байна. Тэд Ерөнхий сайдаа авлига авсан хэмээн буруутгаж, ажлаа дараагийн хүндээ шилжүүлэхийг уриалжээ. 2009 оны есдүгээр сард үл мэдэгдэх гадаадын ивээн тэтгэгч Ерөнхий сайдын хувийн данс руу 700 сая ам.доллар шилжүүлсэн болохыг хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү мэдээллээс болж иргэд Ерөнхий сайдынхаа эсрэг нэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Нажиб Разак жагсагчдын шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Нажиб Разак “Миний данс руу шилжүүлсэн гэгдээд буй 700 сая ам.доллартай би ямар ч холбоогүй. Над руу гадаадын ивээн тэтгэгч мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэж байна. Худал мэдээллээр тархиа угаах хэрэггүй. Би тэр мөнгийг аваагүй, хувьдаа завшаагүй учир огцрохгүй” гэж хэлжээ. Тэрбээр орлогчоо ажлаас нь халсан шалтгаанаа “Орлогч минь ажлын алдаа гаргасан” гэж тайлбарласан байна.

 

Ойролцоогоор 30 мянган хүн Разакийн эсрэг нэгджээ. Жагсаалд Ерөнхий сайд асан Махатир Мухаммед нэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Тэрбээр Разакийг “Хариуцлага алдсан улстөрч” гэж тодорхойлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин