УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлнэ
2015-09-07

Иргэний Зориг Ногоон намынхан Авлига, албан тушаалтнуудыг өршөөх нь буруу хэмээн үзэж өнөөдөр УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлэхээр болжээ.

 

Уг албан бичигт “Хууль тогтоох эрхэм үйлсэд тань амжилт хүсэхийн хамт Монгол хүн, Монгол төрийг муухай харагдуулж, шударга ёс, төрдөө итгэх түмний итгэлийг үгүй хийх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад анхаарлаа хандуулахыг Танаас хүсч байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, залуу насны ааг омгоор санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн иргэддээ өршөөл үзүүлэх нь энэрэнгүй төрийн ёсон тул дэмжих нь зүйн хэрэг. Харин эрх мэдэл, албан тушаалааурвуулан ашиглаж ард түмний баялагаас хумсалсан авилгачдыг өршөөхийг бид хэрхэвч тэвчих ёсгүй.

 

Монгол Улс дааж давшгүй их өрөнд баригдан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, нийгмийн шударга ёс алдагдахад авилгачид, хээл хахуулчид гол үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад тавьсан хоригийг хүлээн авч, авилгачдыг өөгшүүлэхгүй гэдгээ нотлон харуулах түүхэн боломж Танд ирлээ.

 

Монгол төр ард иргэддээ энэрэнгүй хандан, харин авилгачдад хатуу цээрлэл үзүүлсэн цагт шударга ёс мөн чанараа олж, төрийн сүр хүчин мандан бадрах болно. Таны саруул ухаанд бид найдаж байна” хэмээн бичжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин