Хөлгийн ослоор 24 хүн амиа алджээ
2015-09-07

Малайзын Селангор мужийн Сабак Бернам дүүргийн ойролцоо энэ сарын 4-нд 80 гаруй хүн тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон билээ. Өнөөдөр тус улсын Тээврийн яам осолдсон хөлөг онгоцтой холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Осолдсон хөлөг онгоцонд багийн таван гишүүн болон 81 зорчигч зорчиж явжээ.  Ослын улмаас 24 хүн амиа алдаж, 11 сураггүй алга болсон байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд хэмээн яамнаас мэдээлжээ. Харин онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарласан аж. Хөлөг далайд гарсны дараа хүчтэй шуурганд цохигджээ.

 

Сураггүй алга болсон зорчигчдыг өнөөдрийг хүртэл хайж байгаа ч эрэн хайх ажиллагаа ямар ч үр дүнгүй байгааг Тээврийн сайд  Хишхаммуддин Хусейн мэдэгджээ. Энэхүү мэдээллийн дараа Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өөрийн твиттертээ “Харамсалтай зүйл боллоо” гэж жиргэж, хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин