Гадаадын 30 гаруй ААН үзэсгэлэнд оролцоно
2015-09-09

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 10-14 ний хооронд “Улаанбаатар Түншлэл-2015” олон улсын үзэсгэлэнг Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна.

 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед гадаад худалдааг эрчимжүүлэх замаар анх суурь нь тавигдан аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд 1975 онд тухай үеийн Худалдааны танхим, үзэсгэлэн чимэглэлийн төв байранд Гадаад худалдааны яам, Улсын материал техникийн хангамжийн хороотой хамтран Бөөний худалдааны яармагийг зохион байгуулсанаар өнөөгийн Улаанбаатар Түншлэл Олон Улсын үзэсгэлэнгийн суурь тавигдсан билээ.

 

Тус үзэсгэлэнг 1996 оноос өнөөг хүртэл Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар /НЗДТГ/-тай хамтран зохион байгуулж байгаа ба бүх шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч үйлчилгээ эрхлэгч, Олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд зохион байгуулах аж.

 

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш энэхүү үзэсгэлэнгээс  Монголын томоохон аж ахуй нэгжүүд дотоодын болон олон улсын зах зээлд амжилттай нэвтэрч, олон улсын томоохон брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж чадсан билээ.

 

Энэ удаагийн үзэсгэлэнд урьдчилсан байдлаар БНСУ, Тайвань, Непаль, ОХУ, зэрэг улс орноос нийт 30 гаруй аж ахуйн нэгж ирж Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, бизнесийн түнш хайх зорилгоор оролцохоор бүртгүүлсэн байна.

 

П.Наран

 

Shuud.mn
Сонин хачин