Бангкок: Гэмт хэрэгтэн хэргээ хүлээжээ
2015-09-09

Бангкок хотын цагдаа нар бунхны дэргэд халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг баривчилсаар байна. Халдлагатай холбоотой гурван этгээдийг баривчилсан бөгөөд баригдсан залуусын нэг нь халдлагын гол сэжигтэн шар футболктой эр болохыг тус улсын Ерөнхий сайд, армийн генерал Прают Чан-Оча мэдэгдсэн. Тэгвэл баригдсан этгээдүүдийн нэг нь халдлага үйлдснээ хүлээн зөвшөөрсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Цагдаа нар даваа гаригт Тайландын хил орчмоос 25 настай Юусупу Мирел гэгчийг баривчилсан билээ. Тэрбээр Камбож улс руу зугтахаар төлөвлөж байсан юм. Гэмт этгээдийн цүнхнээс тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг их хэмжээний химийн бодис илрүүлж, хураан авчээ. Тэрбээр анхны мэдүүлгийнхээ үеэр “Би буруутай. Би халдлага үйлдсэн” гэж хэлсэн тухай Тайландын Цагдаагийн ерөнхий газрын дарга Правут Тавоншири сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Халдлагын гол сэжигтэн шар футболктой эрийг энэ сарын 2-нд Камбож улстай хил залгаа орших Сакэу мужаас баривчилсан. Мөн гэртээ тэсрэх бөмбөг, галт зэвсэг хадгалж байсан Турк улсын иргэн Нонг Жок гэгчийг баривчилжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин