Байнгын хорооны даргыг хүлээн авав
2015-09-16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.16/ БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбековыг хүлээн авч уулзав.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гэлээ. Мөн тэрээр, Монгол Улсын гадаад бодлогод БНКазУ-тай харилцах асуудал чухал байр эзэлж, манай хоёр орны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Москва хотноо 05 дугаар сарын 09-нд Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний үеэр болсон хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалт, 05 дугаар сарын 26-нд БНКазУ-ын Тэргүүн шадар сайдын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хоорондын харилцааг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болсон хэмээн тэмдэглэлээ.

 

 

БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбеков, Монгол Улс ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн намрын хурлыг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

 

 

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дэд дарга А.Бакей болон албаны бусад төлөөлөгчид оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин