Номын баяр боллоо
2015-09-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

 

Тэгвэл энэ жилийн номын баярыг “Бид номд дуртай” нэрийн дор энэ өдөр Чингисийн талбайд тэмдэглэж байна. Эдлэл хэрэглэл, ургац ногоо, өмсөж зүүх хувцасны танилцуулга үзэсгэлэн худалдаа бишгүй л зохиогддог. Харин жилдээ  хавар, намартаа  л хоёрхон удаа зохиогддог номын баярыг хүүхэд, залуучууд ихэд хүлээдэг болоо  юу гэлтэй.

 

Номын баярын нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон Ардын уран зохиолч Ш.Дулмаа, П.Бадарч нар оролцлоо.

 

Нээлтийн үеэр Үндэсний номын сангийн ажилтан Ц.Насанжаргал, Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн номын санч Б.Намсрай нарыг соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Харин тэргүүний уншигч Нацагдорж тэмдгээр 57 дугаар сургуулийн сурагч О.Энэрэл, 49 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Г.Ариунзаяа, 18 дугаар сургуулийн 5В ангийн сурагч  Н.Гантунгалаг нарын 20 сурагч шагнагдлаа.

 

Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Төв, Завхан, Хэнтий зэрэг хөдөө орон нутгийн номын сангийн ажилчид болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг, Үндэсний статистикийн хороо, “Мон судар” хэвлэлийн газар, Үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн ажилчид оролцон, номын худалдаа үйлчилгээг явуулсан.

 

Мөн “Бид номын санчид” мэргэжил сурталчилах өдөрлөг, “Бид номд дуртай” санал асуулга болон хүүхдийн урлагийн тоглолтууд боллоо.

 

Жеймс Эсли “Өөрийн брендийг бий болгох нь”, “Ю. Цэдэнбал эрин зууны түүхэн элч” “Монгол бадарчин гайхамшигт ертөнц”, Ч. Ганжавхлан “Автуус ба амьдрал”, “Боорцог ба сарнай” зэрэг олон номын худалдаа явагдаж байв. Эдгээр номыг 5-50 хүртэлх хувиар хямдруулан авах боломж нөхцөл бүрдсэн байсан нь олзуурхууштай санагдаж байлаа.

 

Номын үнэ цэнэ, хэрэглэж байгаа ухаалаг утаснаас илүү гэдгийг ойлгуулах, номонд дурлагсад дэлгүүрийн үнээс илүү хямдаар авах боломж олгохыг зорилго болгон ажиллаж байгаагаа зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ынхан хэлж байсан юм.

 

Дүү нь “Нугасны муухай дэгдэээхэй” үлгэрийн ном авна гэнэ. Ах нь түүхийн ном уншина гэнэ. Ээж нь хоёр хүүхдээ өхөөрдөж инээвхийлнэ.  Энд хүүхдүүд их цуглажээ. Бүгд л ном хайж, сурж, сонирхож харагдана. Улсын ирээдүйг бүтээлцэх хүүхдүүд ном уншиж байгаа нь хичнээн сайн хэрэг билээ дээ.

                                                                       

Г. Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчууд нэг үеэ бодвол ном уншдаг болсон байна лээ.
2015-09-21