Залуус сургалтад хамрагдав
2015-09-21

МЗХ-оос "Хошуучлагч залуу" вакумжуулсан сургалтыг олон улсын хүүхдийн Найрамдал зусланд энэ сарын 19, 20-ны өдөр зохион байгууллаа.

 

Бүтцийн байгууллагынхаа гишүүд, тэргүүлэгчдийг чадавхижуулах, бүтээлч сэтгэлгээ, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохиосон уг сургалтад МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөл, залуучуудын асуудал эрхэлсэн 16 байнгын хороо, есөн дүүргийн залуучуудын холбоо, 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны төлөөлөл болох 200 гаруй залуус оролцсон юм.

 

Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтаар "Илтгэх ур чадвар", "Албан бичиг боловсруулахад анхаарах зүйлс", "Манлайлагчийн сэтгэл зүй ба инээмсэглэл" зэрэг сэдвээр сонирхолтой сургалт лекц явагдсан ба үүний зэрэгцээ МЗХ-ны 16 байнгын хороо, есөн дүүрэг танилцуулга хийн, хийсэн ажлаа тайлагналаа.

 

МЗХ нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаараа залууст хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороо байгуулах тогтоол гаргасны дагуу байнгын хороодыг өнгөрөгч зургадугаар сараас эхлэн байгуулсан.

 

Тэгвэл эдгээр 16 байнгын хороо байгуулагдаад удаагүй хэдий ч богино хугацаанд багагүй ажлыг амжуулжээ. Тухайлбал, Хүмүүнлэгийн байнгын хороо “Ахыг аваръя” аян өрнүүлж, шатаж буй гэрээс дүүгээ аварч түлэгдсэн А.Цэрэнтогтоход 10 сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна.

 

Мөн Соёлын байнгын хороо “Соёлын довтолгоо-2” аяныг өрнүүлэх, Биенесийн байнгын хороо залуу бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах ажлыг эхлүүлжээ.

 

Мөн дүүргүүдийн залуучуудын холбооны хувьд ч хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй байсан ба Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын Холбоо 320 айлыг орон сууцжуулах хөтөлбөр эхлүүлж, эхний 3 залуу гэр бүлийг орон сууцтай болгосон гэдэг таатай мэдээг дуулгасан бол Хан-Уул дүүргийн залуус “Хан-Залуус” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрөө ИТХ-аараа батлуулж, 74 сая төгрөг төсөвлүүлжээ.

 

Түүнчлэн түймрийн голомтод ажиллаж байгаа залуустаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Боорцог” аян өрнүүлж, өөрсдийн хийсэн 60 шуудай боорцгийг илгээсэн байна. Энэ мэтчилэн залуус нэгдэн нийлж олон ажлыг амжуулсан байна.

 

Сургалтын хоёр дахь өдөр спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдээр үргэлжилсэн бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин