Байгаль хамгаалах сарын аян эхэлнэ
2015-09-22

 

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас аравдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд “Байгаль хамгаалал орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар болжээ.

 

Энэ талаар БОНХАЖЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд БОНХАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц. Ширэндэв нар оролцлоо.

 

Аяны хугацаанд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлын биелэлт, үр дүнтэй танилцаж, дүгнэлт хийх, яамнаас санаачилсан “ 1 сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд орон нутагт хийсэн ажилд хяналт мониторинг хийх аж.

 

Мөн  Говь-Алтай аймгийн Гуулин суман дахь “Эхоплант” ХХК-ийн  Зээргэнэ ургамлыг тарималжуулсан талбайтай танилцах, хэвийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлыг нэгтгэж, намрын аяны хүрээнд зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

 

БОНХАЖЯ-ны баримталж буй хууль тогтоомж орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаад  үнэлэлт, дүгнэлт өгөхийг аяны гол зорилго болгож ажиллана гэдгийг БОНХАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц. Цэнгэл хэлж байлаа.

 

Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөр 100 хувь төлөгддөг ч орон нутгийнхан төсөв хүнд гэдэг шалтгаанаар тодорхойгүй зүйлд зарцуулж байгаад шаардлага хүргүүлэх юм байна.

 

 Г. Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин