Дугуй түгжих журам хууль бус байсан нь тогтоогдсон
2015-09-28

Зориулалтын бус зогсоолд автомашинаа байруулсан жолооч нарын автомашины дугуйг түгжих журам багагүй хугацаанд хэрэгжсэн.

 

Гэвч ШӨХТГ-аас уг журмыг хууль бус хэмээн үзэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, ШӨХТГ-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Ингэснээр дугуй түгжих журам хууль бус байсан гэдгийг шүүхээр тогтоосон гэсэн үг.

 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодруулав.

 

-Дугуй түгжигч компаниудын үйл ажиллагааг зогсоосон уу?

-Дугуй түгжигч компаниудын үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон. 16 аж ахуй нэгж энэ үйл ажиллагааг явуулж байсан. Маргаан шийдвэрлэх хүртэл хугацаанд түтгэлзүүлчихсэн байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр гартал гэсэн үг. Гэхдээ анхан шатны шүүхээс дугуй түгжих журмыг илт хууль бус актад тооцсон шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар энэ журам хүчингүй болсон гэж ойлгож болно.

 

-Хохирсон иргэд танай байгуулагад хандан гомдол гаргаж байгаа биз дээ. 

-Иргэд манай байгууллага дээр гомдол гаргаад явж байгаа. Гомдлыг нэг бүрчлэн бүртгэж, хэдэн хүнд, хэдий хэмжээний хохирол учруулсан гэдгийг тооцоолоод иргэдээ хохиролгүй болгох ажил явуулна. ТББ-ууд иргэдийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалж байгаа. Иргэд нэг нэгээрээ шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул ШӨХТГ иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө” ТББ  болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин